Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолын дагуу төрөөс бага ангийн сурагчдын 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгодог болсон. 2014-2015 оны хичээлийн жилд ч энэ ажил үргэлжлэх бөгөөд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэж дуусна хэмээн салбарын яамнаас мэдээлж байгаа.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэх аж. Үүнээс:
- Дунд, ахлах ангийн шинээр /7,12 анги/ зохиосон 33 нэрийн 380 860 ширхэг сурах бичиг, 27 нэрийн 45900 ширхэг багшийн номыг хэвлэн нийлүүлж дууссан.
- Нөхөн хангалтаар IX, XI ангийн 29 нэрийн 90 600 ширхэг сурах бичгийг хэвлэж, нийлүүлж дууссан.
- Бага ангийн 33 нэрийн сурах бичгийг 1 677 201 ширхэг, 38 нэрийн багшийн номыг 54531 ширхэг хэвлэн нийлүүлэх ажил хийгдэж байна. Сурах бичиг 2014 оны 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн нийлүүлэгдэж дуусна.
Бага ангийн бүх сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, хэвлэн нийлүүлж байгаагаараа энэ жилийн сурах бичиг ханган нийлүүлэлт онцлог юм. Энэ жилд бага ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 100 хувь байх бүрэн боломжтой ажээ.
Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104135 сурагч тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд хамрагдах юм.
Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46.9 хувь болох 122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө.
Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч 42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).
2014-2015 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 506 сургуулийн дунд, ахлах ангийн 122127 сурагч нийт 1 419 001 сурах бичгийг түрээсээр ашиглана.
Харин ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн үлдсэн 115 ерөнхий боловсролын сургуулийн (Нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн төвийн болон төвийн бүсийн зарим сумдын сургууль, энэ онд шинээр байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицей сургуулиуд) дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдан авна. Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 13.1 хувь болох 34076 сурагч нь зах зээлээс сурах бичгээ худалдан авахаар тооцоолсон байна.