logo
Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээврээр зорчино

Өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээврээр зорчино

2014/08/21

Нийтийн тээвэрт шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныханд мэдээлэл өглөө.

Жил бүр хичээлийн шинэ жилийг угтаж зарим замын засвар, шинэчлэлийн ажилтай уялдуулан үүсч болзошгүй замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийдэг. Энэ хичээлийн жилийг угтаж наймдугаар сарын 22-31-нийг дуустал дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэх гэж байна.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол 08  дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Энэ өдрүүдэд  07-21 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.

Харин өнгөрсөн жил дээрх хязгаарлалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан юм. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран шинэ үйлчилгээ үзүүлэх гэж байна. 

Энэ нь иргэд улсын дугаараар түр зохицуулалт хийж буй 08 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд 500 төгрөгийн нэг тасалбараар тухайн өдөртөө нийтийн тээврийн том, жижиг автобус,  төмөр замын RAILBUS-аар хэдэн ч удаа сэлгэлт хийн зорчино. 10 өдөрт зорчих өөр, өөр өнгийн тасалбаруудыг автобусны буудал болон автобусанд борлуулах бөгөөд иргэд тухайн тасалбарыг худалдан авч Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг Том, жижиг оврын автобусны 24 компанийн автобус, микрогоор үйлчлэх юм.

Мөн эдгээр автобусууд нь цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд 80 автобус 2 минутын зайтай, Сэлбэ-Зайсангийн чиглэлд 40 автобус 3 минутын зайтай, Чингэлтэй дүүрэг-Тэц-3-ын чиглэлд 30 автобус 7 минутын зайтай, Нисэх-Дүнжингаравын чиглэлд 20 автобус 8 минутын зайтай гэх зэргээр иргэдэд үйлчлэх нарийн цагийн хуваарийг нийслэлийн Тээврийн газраас гаргажээ. Эдгээр автобусууд нь нэг зорчигчтой байсан ч  цагийн хуваарийн дагуу дараагийн буудал руу явж, үйлчлэхээр зохицуулалт хийгээд байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Төрийн албан хаагчид эдгээр өдрүүдэд хувийн унаанаасаа татгалзаж, цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх нийтийн тээврээр үйлчлүүлэх”-ийг уриалсан юм.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш