Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай”А/839 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын нийт гудамж талбайн зураглалыг 360 градусын дүрслэлд оруулж, www.google.com/maps/ цахим хуудсанд холбогдох мэдээллийг оруулах зорилготой “Стрийт виювү” төслийн ажлыг Gооgle компанийн Монгол дахь гүйцэтгэгч “И-Теч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо. “Стрийт виювү” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зураг авалтын төхөөрөмжүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр оруулах, буцаан гаргахад шаардагдах гаалийн түр татвар болох 11.979.264 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас буцаан төлөгдөх нөхцөлтэйгөөр гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.