logo
Нууц агуулсан бол нууцаараа л үлдэг гэж үү...

Нууц агуулсан бол нууцаараа л үлдэг гэж үү...

2014/10/02

Энэ өдөр ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсан бусдын гарт хэрцгийгээр хорлогдон таалал төгссөн өдөр. Жил бүрийн энэ л өдөр талийгаачийн төрөл төрөгсөд, дотны анд нөхөд нь хүндэтгэл үзүүлэхээр цугларч, харуусал, горьдлого илэрхийлсэн харцаар бие биенээ харж, намрын өглөөний жиндүү салхинд хүйт даасан хүрэл хөшөөний өмнө цэцгийн хэлхээ өргөдөг уламжлал тогтсоор 16 жилийг үзэж байна. Эхнэрээс нь өөр гэрчгүй, цөөн улстөрчдөөс өөр сэжигтэнгүй, цаг хугацаа улиравч илэрдэггүй, мэргэжлийн байгууллагууд нь мөрдөж шалгаж дуусдаггүй учир битүүлэг энэ хэрэг он жил улирах тусам үлгэр домгийн шинж чанарт шилжих мэт. Монголчууд хэзээ ч мартах учиргүй эрхэм хүмүүн С.Зориг нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын анхны цуглааныг Монгол Улсад удирдан зохион байгуулж, улс эх орноо ардчилал шинэчлэлийн замд уриалан дуудсан улс төрийн нэрт зүтгэлтэн нэгэн байсан. 

Гэтэл одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүний амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудахтай зэрэгцэн айдас түгшүүр, хардлага сэрдлэг дүүрсэн хоног өдрүүдийг монголчууд өнгөрүүлж билээ. Тухайн үед энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэнгүүд айдас түгшүүртэйгээр амьдарч байсныг нуух юун. Тэрхүү аймшигт, харгис хэргийн ул мөр, сэжүүр улам бүдгэрсээр л. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй бөгөөд илрэхгүй гэсэн бодол ард иргэдийн дунд улам ч газар авч байгаа.

Тухайн үед юу болж өнгөрснийг эргэн саная. 1998 оны аравдугаар сарын хоёрны баасан гарагийн орой 22:40 цагт Нийслэлийн Цагдаагийн хэлтсийн жижүүрт ирсэн хүн амины хэргийн мэдээллээр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн өгсөн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод тэр даруй хүрэлцэн очсон байдаг. Хэргийн газарт очиход С.Зориг бусдад алуулаад, цогцос нь гэрийн босгоны дотор талд, нэлийсэн цусан дунд халуунаараа хэвтэж байж. Ийнхүү мөрдөж шалгаж дуусдаггүй, их хэргийн ангуучлал эхэлсэн түүхтэй. 

Үнэн худал нь үл мэдэгдэх “Дараагийнх нь Э.Бат-Үүл” хэмээн С.Зоригийг хөнөөсөн алуурчид хэлсэн гэх үг олны ам дамжин яригдаж, улстөрчдийн олныг талдаа татах гэсэн ярианы сэдэв нь болсоор ирсэн. Хэргийн газарт "учир битүүлэг" шалтгаанаар малгайгаа мартсан гэх өдгөө нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн үед энэ хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн жагсаалтын эхэнд бичигдэж, тэрбээр “Ганц худаг”-т ч хоригдож үзсэн.

Мөн хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булганы мэдүүлэг хачирхалтай олон зүйлийг агуулсан байсан гэдэг. Хачирхалтай, учир битүүлэг мэдээлэл ар араасаа цуварсаар л. Чухамхүү олны итгэлийг хүлээж, нэр хүндээрээ түмний танил болсон хүнийг юунд хөнөөв, яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 16 жилийн турш хариулт нэхсээр. Гэтэл нөгөө талдаа заавал талийгаачтай хамт амь үрэгдэх ёстой байсан мэт хардлага, доромжлолыг хүртсэн, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» хэмээн ханьдаа хэлж байсан гэгддэг тэр эмэгтэйг юу ч гэлтэй.

Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш