logo

"Эзэн-100" эрх баригчдын ээлжит шоу байжээ

2014/10/04
 "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
УИХ-аас Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, улмаар МАКРО түвшинд далайцтай хөгжүүлэх суурийг эргэн тавих зорилго бүхий “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг батлаад таван сар болж байна. Энэ тогтоолд Гадаад валютын урсгалыг сайжруулах, Санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх, Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн зээл, санхүүжилтийг сайжруулах, Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваагдах 26 арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүргийг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт даалгасан.
 
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газраас 100 хоногт эдийн засгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх “Эзэн-100” хэмээх нийт 71 ажил тусгагдсан хөтөлбөрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг боловсруулж, эдийн засгийг 100 хоногт сэргээн эрчимжүүлэхээ УИХ-ын энэхүү индэр дээрээс Монголын ард түмэнд сүр дуулиантайгаар амласан. Үүнийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “савалгаатай засгаа аргацаах арга заль” хэмээн тодорхойлсон ч эдийн засгийн хямралыг ялан дийлэхийг бэлгэдэж 2014 оны тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдрөөр баталж, амлалт нь ажил хэрэг болохыг хүсч урмын үг дайж байсан. 
 
Учир нь Монголын бүхий л салбар, аж ахуйн нэгж, айл өрхүүд цалин, тэтгэвэр тэтгэмжийн хооронд амь залгуулдаг ажилчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд “эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол, бид хэр удаан тэсэх вэ, хамгийн зөв шийдэл юу болох” талаар өөр хоорондоо асуулт тавьж, санаа зовниж байсан. Тийм учраас Монгол Ардын Намын гишүүд асуудалд ажил хэрэгч хандах зарчмыг баримталсан. 
 
“Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаар  
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таны “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын талаарх мэдээллийг сая сонслоо. Таны амлалт, ажил хоёр алд дэлэм битгий хэл айл саахалтаас хол зөрлөө. 
 
Монгол Улсын Ерөнхий сайд Та улс эх орноо бүхэлд нь харж, макро түвшинд бодлого тодорхойлон, эдийн засгийн үндсэн томоохон үзүүлэлтүүдээр “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэн, үр дүнг УИХ-д танилцуулах ёстой байлаа. Гэтэл та Үндэсний баяр наадмаар 5 хоног амардаг боллоо, Архивын лавлагааг 10 биш 5 хоногт гаргадаг боллоо, Оюу толгойгоос 130 сая ам.долларын татвар авах асуудлаа тохиролцож 30 сая ам.долларын татвар авахаар боллоо, Эрээн хот руу онгоц нисдэг боллоо, Өвлийн хүлэмж анх удаа ажиллаж эхэллээ, 2013 онд өндөглөгч тахианы 11 аж ахуйн нэгжүүдэд 160 сая төгрөгийн зээл олголоо, Кызыл руу микробусаар зорчдог боллоо гэх мэт энд тэндээс түүсэн, засгийн дэм гэхээсээ дарамтан дор хувийн хэвшлийнхний чадан ядан хийж бүтээснийг нь өөрсдөө хийсэн мэт нэр зүүж “зээлдсэн” 100 ажлын жагсаалт гарган танилцууллаа. Энэ нь нэг талаар, Монголын төр, ард түмнийг дэндүү басамжилж байгаа хэрэг. Нөгөө талаар шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжүүлэгч этгээдүүд үнэхээр ямар ч түвшинд МИКРО гэдгээ өөрсдөө харууллаа! 
  “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 71 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс ердөө 30-ыг нь сая хийсэн гэж танилцуулсан нь ичгүүртэй санагдаж байна. Нийт 71 ажлын 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг эхлүүлж амжсан бол эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дүгнэж байна. 
 
“Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд иргэн ДОЛЖИН, ДЭНЗЭН нарын амьдралд болон эх орны маань санхүү, эдийн засагт ямар өөрчлөлт орсон талаар цухасхан дурдъя.
 
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсөв. Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны 1мкв үнэ 2 жилийн хугацаанд 2,6 дахин, зөвхөн тус хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7,1 хувиар өсч орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 2,2 сая төгрөгт хүрчээ. Инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж, Должин гуайн амьдрал өдөр хоногоор ядууран туйлдаж байхад Дэнзэн мэтийн дарга дагаж амьдарсан цөөхөн хэдэн хүний амьдрал ахуй энэ үнийн өсөлтийн давлагаанд ажрахгүй сайхан амьдарч байна.
 
2012 оны эхний 7 сард Монгол Улсад 3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол энэ оны 7 сарын байдлаар 551,1 сая ам.доллар болж 5,4 дахин буурчээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр зэрэг алдагдсаны хамгийн бодит тоон илэрхийлэл мөн. Манай улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн оны 12 дугаар сараас буурч эхэлсэн ба хамгийн сүүлд “ЭЗЭН-100” хөтөлбөрийн 66 дахь хоногт Олон Улсын санхүүгийн судалгааны Moody’s агентлагаас B1-ээс B2 болгож бууруулжээ. Энэ нь монголчуудад итгэж, найдаж болохгүй ээ гэж гадаадын хөрөнгө оруулагч, зээлдэгчдэд анхааруулсан дохио юм. 
100 хоногт шинээр нэг ч центийн хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Мөнгөний чимээ сонсогдож, хөрөнгө оруулалт наашлан нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлж байгаа ч бодит байдал дээр валютын нөөц багасч байгаа нь эрх баригчдын ээлжит популизм мөн.
Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр өнөөдөр валютын ханшийн хямралд хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 1862 төгрөг болж 38 хувиар уналаа. Шинэчлэлийн Засгийн газар "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд ам.долларын ханшийг Монголын түүхэнд анх удаа 1906 төгрөгт хүргэн шинэчлэн тогтоов.  
 
Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3,9 дахин өсч 1,04 тэрбум ам.доллар болсон байна. Монгол Улсын  дотоод, гадаад өр нийт 22,1 их наяд төгрөгт хүрчихлээ. Монгол Улсад өрийн хямрал бодитоор нүүрлээд байхад Засгийн газар дахин БНХАУ-аас 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа нь өрийн дарамтыг улам ихэсгэх нь тодорхой боллоо. 
 
Ард түмний нуруун дээр өр нэмж байгаа Засгийн газрын энэ эрхэмсэг ноёд хувьдаа хууль ёс ч бай, бус ч бай “хуримтлуулсан” мөнгөөр өрөө төлнө гэж бодож байна уу? ҮГҮЙ ЭЭ. Харин ганцхан ард түмэн л төлнө. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, цэвэр агаар, шинэ зам барьж байгуул хэмээн ард түмний төрд өгсөн татварын мөнгөөр энэ их өрийг төлнө. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг. Бид өрөө төлж өөдлөх хүртлээ хугацаа их алдахаар боллоо. 
 
Өр нэмж ард түмнийг туйлдуулах өнөөгийн Засгийн газар татвар төлөгчдийн бүрдүүлж буй төсвөөр дэндүү их тансаглаж байна. Нэг л жишээ татъя. 2012 онд Монгол Ардын Намын Засгийн газрын үед 150,000 төрийн албан хаагч байсан бол одоо 180,000 болж нэмэгдсэн. Шинээр нэмэгдсэн 30,000 төрийн албан хаагчийн сарын цалинг хамгийн багадаа 500,000 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 360 тэрбум төгрөгийн зардал татвар төлөгчдийн халааснаас гарчээ. Энэ хэмжээний мөнгөөр цалин, тэтгэвэр тэтгэмжийг хангалттай нэмэхээр байсан. Үгүй бол 600 км автозам, эсвэл 240 цэцэрлэг, 180 сургууль барих боломжтой. Ер нь бидэнд аль нь хэрэгтэй юм бэ? Илүүдэл 30,000 төрийн албан хаагч уу эсвэл  зам, цэцэрлэг, сургууль уу? Тиймээс 2,9 сая иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрд хэчнээн төрийн албан хаагч ажиллах нь зохистой юм бэ? гэдэг бодлогыг бодох цаг нь болсныг Засгийн газарт бид сануулах цаг болжээ. 
 
Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар улсад нийт 107 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаагаас 54’389 аж ахуйн нэгж буюу 50,8 хувь нь үйл ажиллагаагаа түр буюу бүрмөсөн зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин хэрхэн муудаж, ажилгүйдэл яаж нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
 
Өнөөдрийн энэ шинэчлэлийн гэх Засгийн газар 2012 онд хүндхэн нөхцөлтэй, хөөсөрсөн эдийн засагтай засаг хүлээн авсан гэдэг нь үнэнд нийцэхгүй. Санхүүгийн чадавхитай, сайтар тордсон зах зээлийн хөрс суурьтай улс орныг хүлээн авсан нь маргашгүй үнэн бөгөөд дараах боломжууд хангагдсан байв.

Үүнд: 
2012 онд засгийн жолоог атгуулахдаа Хөгжлийн банкинд 580 сая ам.доллар буюу өмнөх Засгийн газруудад байгаагүй хамгийн их хөрөнгө санхүүтэй хүлээлгэн өгсөн. Гэтэл үүн дээр нэмж 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис”, “Самурай” бондууд болон Олон улсын байгууллага, түнш орнуудын хөнгөлттэй зээл тусламж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг зэрэг нийт 7 их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур, УИХ-ын хяналтгүй зарцуулсан үе үеийн Засгийн газраас Н.Алтанхуягийн Засгийн газар илүү хур баян нь юм.  
 
“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр ард түмний 40 гаруй хувийн саналаар Их хуралд 26 суудал авсан МАН-ын бүлгийг байгуулахгүйгээр хагас жил болгож, энэ хооронд давхар дээлтэй засаг бүрдүүлсэн, 2013 оны төсвийг баталсан зэрэг олон жишээнээс ганц хоёрыг нь дурдъя. Мөн давхар дээлтэй эрх баригчид өөрсдийн хүссэн ямар ч хуулийг Их хурлаар батлуулж, хүсэл таалалд нь үл нийцэх ямар ч хуулийг унагааж байна. УИХ-ын хяналтаас ангид засгийн газар урьд нь байсангүй. Шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг нь энэ юм.
УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа ч МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгд төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг боловсролтой. АН-ын алдаатай бодлогыг сөрж, зөв оновчтой хувилбаруудыг санал болгож, асуудалд ажил хэрэгчээр гарц шийдэл зөвлөмж, шүүмжлэлийг өгч, намын эрх ашгаас улс орны хөгжлийг эн тэргүүнд харгалзаж, хэлэлцэж буй бүхий л асуудлыг УИХ-аар дэмжих зэргээр бодит боломжоор хангаж ирсэн. 
 
Боломжоор дүүрэн байсан ч яагаад ард түмнийг “Хүн шиг амьдруулж, Улс шиг хөгжүүлж чадаагүй”-г товчхон дүгнэе.
Засгийн газар чиг үүргээ гүйцэтгэхдээ зохистой удирдлага, төрийн албаны менежментийг зөв, ёс зүйтэй явуулахын оронд тал тохой татсан танил, талцаж бүлэглэсэн фракц, хань, хамаатан садны хүрээнд хоноцын сэтгэлээр, үрэлгэн зангаар, гадаадаас авсан их хэмжээний өрийн зарцуулалтыг хэзээ үр ашгаа өгөх нь тодорхойгүй төслийг санхүүжүүлэх гэх мэтээр томоохон алдаа гаргасаар байна. Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэл хяналтын болон эрсдлийн дутмаг менежмент, чадварлаг бус боловсон хүчний бүрдүүлэлт, /Та өөрөө өнөө өглөө манай бүлэг дээр төрийн албан хаагчдыг “эргүү нь гараагүй” гэж томъёолсон/ төрийн ажил, үйлчилгээг хууль болон холбогдох журмын хүрээнд бүрэн нийцүүлэн явуулах илэрхий чадамжгүйгээс өнөөгийн нөхцөлд хүргэлээ.
 
Монгол Улсад төсвийн нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн алдагдал хуулиар тогтоосон хэмжээнээс аль хэдийн хэтэрснийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж, энэхүү алдаагаа засахыг олон удаа зөвлөсөн боловч эрх баригчид үүнийг одоо болтол хэрэгжүүлэхийг хүсээд ч чадахгүй байна. Мөн зээлийн ашиглалтын зохисгүй менежмент, Монголбанк нь Засгийн газрын сан мэт ажилласан нь мөнгөний буруу бодлогод хүргэсэн ба үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр өгөөжөө ард иргэдэд өгсөнгүй.
 
Эцэст нь “ЭЗЭН-100” хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй, амласнаа биелүүлээгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна. Шаардлагын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Та “100 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэж хэлсэн. Та хэлсэн үгэндээ эзэн болж, хамтдаа хариуцлага нэхэхийг уриалж байна.
 
УИХ дахь МАН-ын бүлэг хариуцлагагүй ажилласан салбарын сайд болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудалд ямагт хамтарч ажиллах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье. Цаашид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төсвийн сахилга батыг бэхжүүлж, ам ажлын нэгдэлд хариуцлагын системийг хэвшил болгоё.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш