logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг тайлагналаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг тайлагналаа

2014/10/04
 Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын үр дүнг танилцууллаа.
 
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас УИХ-д 28 хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснээс 12 нь батлагдаж, 14 хуулийн төсөл хэлэлцэгдэх шатандаа байна. Ерөнхий сайдын дэргэд ажилласан Эдийн засгийн зөвлөлийн санал зөвлөмжийг дээрх бодлогын баримт бичгүүдэд тусгаснаар бизнесийнхний өмнө тулгамддаг олон асуудал бодитой шийдэгдэх нөхцөл бүрдлээ.  Тоног төхөөрөмжөө шинэчлэхийг хүссэн жижиг, дунд бизнес эрхлэгчид гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөж, бүтээн байгуулалтад гар бие оролцож буй үндэсний томоохон үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн татвараа 2 жилийн хугацаанд хэсэгчилж төлдөг боллоо. Хил гаалийн хяналт шалгалтыг 8 дахин цөөрүүлж, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулдаг хугацааг 3 дахин багасгаж, шийдвэр гаргагч даргын тоог 106-аар цөөлж, ачаа тээврийн жолооч нарыг хурууны хээгээр нь хил нэвтрүүлж, боомтуудыг 24 цагаар ажиллуулж, Гашуунсухайтын гарцын хүчин чадлыг 3 дахин нэмсэн нь бизнес эрхлэгчдэд ээлтэй зохицуулалт боллоо.

Монгол Улс далайд гарах 8 гарцтай болж, бүх орны хөлөг онгоцыг чөлөөтэй ашиглан тээвэр хийснээр тив алгасан бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхэн олон улсын хэд хэдэн гарцаар хямд зардлаар нэвтэрнэ. Алтанбулагийн чөлөөт бүс үүд хаалгаа нээж, Монгол-Оросын бизнес эрхлэгчид илүү боломж олгож байна гэж Ерөнхий сайд хэллээ. Эдгээр зохицуулалтын үр дүнд экспорт өсөх хандлагатай байна. Өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад зэсийн баяжмалыг 2 дахин, газрын тосыг 35 хувиар, нүүрсийг 2.6 сая тонноор илүү экспортолсон ч дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалан орж ирэх мөнгө багассан нь эдийн засагт хүндрэл үүсгэж байна.
 
Монгол Улс 12 жилд 2300 км автозам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2 жилд 2500 км автозам ашиглалтад орууллаа. Дулааны 3,4 дүгээр станцыг өргөтгөж, Амгалан дулааны станцыг барьж, эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт өрнүүллээ. 1955 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Монгол-Хятадын төмөр замын хэлэлцээрийг эргэн харж шинээр тохиролцлоо. Агаарын навигацын тоног төхөөрөмжөө шинэчилснээр Монголоор дайран нисэх агаарын хөлгийн тоо 90 мянгад хүрлээ. Нийслэлд ч, орон нутагт ч зам гудамжуудаа засч, дулаан цахилгааны станцууд барьж, сумын төвүүдээ шинэчилж байна. Орон сууцны хөтөлбөрөө өргөжүүлэн орон нутагт 7 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ.
 
Хоёр хөршийн төрийн тэргүүн Монголд айлчилж стратегийн чанартай олон хэлэлцээр хийсэн бол Японы зах зээлд монголчууд тарифгүй, нийлүүлэлтийн хязгааргүйгээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх урт хугацааны гэрээг тохиролцлоо. Олон удаагийн яриа хэлэлцээний дүнд Оюутолгойн татварын зөрчил шийдэгдэн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал эрчимтэй яригдаж байна. Тавантолгойн ордын нүүрсний давхаргаас их хэмжээний метан хий илрүүлснээр ойрын ирээдүйд Монгол Улс байгалийн хийгээ ашиглах болно.
 
ЭЗЭН-100 хөтөлбөр улс орны эдийн засагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг өргөс авсан мэт арилгах зорилго тавиагүй. Бизнес эрхлэхэд саад тотгор болж ирсэн чирэгдлийг халах зорилгоо биелүүлсэн гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүгнээд, УИХ-ын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш