Тэрбээр өнгөрсөн чуулганы хугацаанд олон улсын нийгэмлэгийн өмнө тулгарсан сорилт бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын зүгээс тавьсан хүчин чармайлтыг үнэлэхийн зэрэгцээ байгууллагын урт хугацааны зорилгуудыг тодорхойлох чиглэлд ахиц дэвшил гарсныг цохон тэмдэглэв. Мөн үлдсэн хугацаанд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд үндэсний засгийн газруудын хүчин чармайлт их чухал тухай ЕНБД-ын саналыг хуваалцаж буйгаа илэрхийлсэн ба Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ерөнхий Ассамблейн ажлын хэсгийн хийсэн ажил, хүчин чармайлтыг үнэлж байна гэв.
Байнгын төлөөлөгч О.Оч цааш тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, хууль дээдлэх ёсны асуудлыг ул суурьтай тусгахын чухлыг онцолсон ба улмаар тухайн чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
Сири, Төв Африкын Бүгд Найрамдах Улс, Мали, Өмнөд Судан, Украин зэрэг улсад өрнөсөн гамшиг, зөрчил тэмцлийг намжаахад НҮБ-ын зүгээс оруулж буй хүчин чармайлтыг Монгол Улс өндрөөр үнэлж байна гээд алан хядагч бүлгүүдийн өдөөж буй дайн, гэмт хэрэг, зөрчил тэмцлээс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад зөрчлөөс урдчилан сэргиийлэх, эвлэрүүлэн зуучлах явдал болон энхийг дэмжих ажиллагааны үүрэг чухал байсаар байна гэв.
Байнгын төлөөлөгч хэлсэн үгнийхээ төгсгөлд Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганаар манай төлөөлөгчдийн хэлэлцүүлэх гэж буй Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Бичиг үсгийн боловсролын тухай зэрэг тогтоолыг гишүүн орнууд урдын адил дэмжинэ гэдэгт итгэж буйгаа ирэрхийллээ.