logo
Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” болно

Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” болно

2014/10/08
Аравдугаар сарын есөнд Нийслэлийн “Хангарьд” ордонд болох НИТХ дахь Ардчилсан намын Бүлгээс санаачлан зохион байгуулж буй ИТХ дахь Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт”-ын талаар тодруулахаар НИТХ дахь АН-ын Бүлгийн дарга Б. Отгонбаяртай уулзаж цөөн асуултанд хариулт авлаа.

-    Аравдугаар сарын есөнд НИТХ дахь Ардчилсан намын Бүлгээс санаачлан зохион байгуулж буй ИТХ дахь  Ардчилсан “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт” анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ өдөр болох арга хэмжээний талаар товч танилцуулбал.
-     Манай АН нь эрх барьж байгаа намын бүлгийн хувьд нийслэлийн болон бусад  есөн дүүргийн АН-ын бүлгүүдийг цуглуулан анх удаа уулзаж ярилцан, санал бодлоо солилцохоор тус арга хэмжээг санаачлан зохион байгуулж байна.

-    Юуны учир тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаар болсон бэ?
-  Энэ нь ИТХ-ын АН-ын Бүлгүүдийн “мэдээлэл хянах, харилцан солилцох, боловсруулах, түгээх” үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдтэй санал бодлоо солилцон, иргэдэд илүү ойртож очин ажиллахын тулд хийж байгаа ажил юм. Мөн мэдээллэх системийг улам сайжруулж, төлөөлөгчдийг зохион байгуулалттай ажилд оролцуулахын тулд тус уулзалтыг зохион байгуулах гэж байна.

-    “Намын бүлгүүдийн анхдугаар уулзалт”-ын зорилго юунд оршиж байна вэ?
-    Нийслэлийн болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах болон намын бүлэг түүний төлөөлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчлах талаар санал солилцох, шийдэлд хүрэх зорилготой. Мөн олон шатны төлөөлөгч байдаг ба тэд нарын эцсийн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, тулгамдаж буй асуудлыг шийдэх юм. Тиймээс төлөөлөгчдийг хоорондоо болон УИХ-ын гишүүнтэйгээ илүү уялдан ажиллаж, нэг зүгрүү хардаг болгох нь энэ уулзалтын гол зорилго.

-    Тус уулзалт нь Нийслэл хотын хөгжилд ямар хувь нэмэр оруулна гэж таны зүгээс үзэж байгаа вэ?
-   2012 онд АН-аас мөрийн хөтөлбөр болгон гаргаж ирсэн “Таван А” хөтөлбөрийн дагуу төслүүд хэрэгжиж эхлэн амжилттай явж байна. Үүнээс дурдвал “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил”, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэх мэт. Ингээд эдгээр хөтөлбөрүүдийн гүйцэтгэл хэрэгжилт дээр нийслэл болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүд үргэлжлүүлэн хяналт шалгалт тавьж, ажлын явцыг эрчимжүүлэн үр дүнтэй ажиллах тал дээр илүү анхаарах, хоорондоо нягт уялдаа холбоотой, эрчимтэй ажиллах нь уулзалтын гол ач холбогдол юм.

-    Өнөөдөр НИТХ-д АН олонхи болсноос хойш бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Хийсэн ажил олон байгаа байх. Иргэдийн үнэлэмж ч харьцангуй сайн байх шиг байна. Тэгвэл энэ онд танай намын бүлгийн хувьд ямар асуудлуудад голлон анхаарч ажиллав?
-   Бид бүхэн бүлгийн ажил хэргийн хуваарь, дотоод журмыг гаргаж, зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг журамлаж гаргасан. Урьд нь засаг даргын хурлаас гаргасан тогтоол шийдвэр, захирамжууд олон нийтэд хаалттай байсан бол одоо засаг даргын тамгын газар, НИТХ хоёр тогтоол шийдвэрээ албан ёсоор хоорондоо солилцон, харилцан уялдаатай ажилладаг болсон. Мөн хоёр байгууллагын гаргаж байгаа бүх мэдээллийг олон нийтийн вебсайт, цахим хуудсуудаар нээлттэй нийтлэн, иргэдэд танилцуулж байна. Өмнөх засгийн эрх барьж байсан бүлэг яаж ажиллаж байсан нь тодорхойгүй байсан бол бид одоо ажил үүрэг уялдаа холбоог тодорхой болгож өгсөн. Ер нь эрх барьж байгаа намын хувьд ажил үүргийн зохицуулалтыг нарийн гарган ажиллаж байна.

-    Намын бүлгийн төлөөлөгчдийн ажил үүргийн гүйцэтгэл, боломж нөхцөл өмнөх үеэс хэр сайжирсан бэ?
-   Өмнөх үетэй харьцуулвал төлөөлөгчдийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэх боломж ихэссэн. Төлөөлөгч сард гурваас таван удаа хурал чуулганд оролцон асуудлаа хэлэлцдэг. Иймээс идэвхи санаачлага ихэсч ажлын ачаалал их болж, үр дүнтэй ажлууд хийгдэж байгаа юм. Засгийн эрх барьж байгаа намын төлөөлөгчдийг хэрхэн ажиллаж байгааг тодорхой болгож, иргэдэд зөв хүргэх хэрэгтэй гэж бүлгийн зүгээс үзэж байгаа. Төлөөлөгч нар ажил үүргийнхээ чиглэлээр мэдээллийн сувгуудыг ашиглан чөлөөтэй ярилцлага өгч байна.  Мөн засаг захиргааны ажлуудтай байнга танилцаж, эрхийнхээ дагуу ажилд нь хяналт шалгалт тавин, шаардлага хүргүүлэх зэрэг үүрэгт ажлаа сайн хийдэг болсон. Жишээ нь, өргөдөл гомдлын хороонд хамгийн их өргөдөл гарсан гурван нийслэлийн төр захиргааны байгууллагууд дээр очин, тухайн өргөдөл гомдлыг хэрхэн шийдэж байгаа тухай ажил байдалтай нь танилцсан. Тухайн хариуцаж авсан ажил үүрэгт туршлагатай, ажлаа сайн мэддэг төлөөлөгчид сонгогдон ажиллаж байгаа учраас ажлын бүтээмж илүү болж байгаа юм. Мөн Нийслэл хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр төлөөлөгчийн байр суурийг хүчтэй авч үзэж, түүний дагуу бүлэг болон чуулган ажлаа явуулдаг болсон нь маш авууштай.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш