logo
Монгол-Германы хамтарсан симпозиумд оролцов

Монгол-Германы хамтарсан симпозиумд оролцов

2014/10/08

Гадаад харилцааны яамны Хурлын танхимд өнөөдөр “Улс төрийн сангуудын диалог: Эрх зүйт төр ба хариуцлага” сэдэвт симпозиум болов. ХБНГУ-ын Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангууд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Симпозиумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Юуны өмнө Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэхүү “Эрх зүйт төр ба хариуцлага” симпозиумыг хамтран зохион байгуулж буй Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллын замыг сонгосон тэр цагаас хойш та бид дотно хамтын ажиллагаатай явж ирснийг энд талархан тэмдэглэхэд таатай байна. Анх Конрад Аденауэрын сан гэж ярихад Аденауэр гуай амьд сэрүүн байгаа юм уу гэж асууж байсан гэдэг. Өнгөрсөн хугацаанд тус сангийн Проль гуай, Глуховски нарын зэрэг хүмүүс  Ардчилсан нам төлөвшихөд, ардчилсан улс төрийн соёл тогтоход маш их тусалсныг олон хүн мэднэ.

Ханнс Зайделын сан Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарыг бэхжүүлэх, шинэчлэх, хөгжүүлэх, шүүгчдийг сургах талаар олон жил тал бүрийн тусламж дэмжлэг үзүүлж, үр ашигтай хамтран ажиллаж ирснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.  

Хэдийгээр Монгол Улс сүүлийн 20 гаруй жилд ардчиллын замаар тууштай замнаж, эрх зүйт, хариуцлагатай төрийг төвхнүүлэх чиглэлээр явж ирсэн боловч хийх ажил их байгаа гэж бодож байна. Тийм ч учраас өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна гэж үзэж байна. Өнгөрсөн 24 жилтэй харьцуулахад бидний өмнө илүү нарийн төвөгтэй зорилт, сорилт тулгарч байгаа. Тэдгээрийг даван туулахад энэхүү симпозиумыг  зохион байгуулж байгаа сангууд тусалж байгаад гүнээ талархаж байна.

Өнгөрсөн бүхий л хугацаанд эрх зүйт төр, хариуцлагын тухай ярьсаар ирсэн боловч хүссэн үр дүнд хүрч чадаагүй л байна. Тийм учраас энэхүү хүндтэй индрээс эрх зүйт төр, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилттой холбоотой  ганцхан асуудлаар Монгол Улсын  иргэн хүний хувьд хувийн санал бодлоо хуваалцая.

Монгол ардын олон сайхан зүйр үг байдаг. Тэдний нэг нь “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн зүйр үг байдаг юм. Бидний алдаа, сул тал, согог юунд байна вэ гэвэл төрийг бүрдүүлэх, төвхнүүлэх процес өөрөө булингартай байгаад оршиж байна гэж би боддог. Төр булингартай төвхнөсөн бол үйл ажиллагаа нь ч булингартай байх нь ойлгомжтой. Тийм учраас бид Монголын төрийг төвхнүүлэх процессыг яаж тунгалаг, булингаргүй болгох талаар ирэх он жилүүдэд илүү чармайх ёстой. Энэ юутай холбоотой гэвэл сонгуультай холбоотой, ялангуяа сонгуулийн санхүүжилттэй холбоотой. Эдгээртэй холбоотой хууль тогтоомжоо боловсронгуй болгох хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар бид санал тооллогын будилааныг цэглэж чадсан. Шударга тоолдог тогтолцоотой болсон.  Энэ бол үнэхээр сайн зүйл. Зайлшгүй хийх зүйл. Гэхдээ санал зөв тоолдог болсон нь хангалттай биш. Сонгуультай холбоотой  хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо хоёр зарчмыг тууштай баримтлах ёстой гэж боддог.

Нэгдүгээрт, иргэдийн оролцоог дэмжсэн, шат шатны сонгуульд аль болох олон хүн өрсөлдөх боломжийг олгох, оролцоог дэмжсэн бодлого баримтлах ёстой. Хоёрдугаарт, өрсөлдөх адил тэгш боломж олгох гэсэн ийм хоёр зарчмыг чанд баримтлах ёстой гэж боддог. Сонгуулийг автомашины уралдаантай зүйрлэж болно. Өнөөдөр гарааны зурхай, барианы зурхай буюу сонгууль эхлэх, дуусах хугацаа нийтэд  адил тэгш үйлчилж байгаа. Гэтэл юу болохгүй байна вэ гэвэл, тэр хугацаанд ямар хүчин чадалтай мотортой, ямар маркийн машинаар уралдах вэ гэдэг нь их бүдэг, муу зохицуулалттай байгаа.  Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс аль болохоор нэг ижил марк, моторын хүчин чадал ижил машинаар уралддаг болох хэрэгтэй байна. Монголчууд морь уралдуулах дуртайг та бүхэн мэднэ. Морьдыг хүртэл даага, шүдлэн, хязаалан, их нас гээд насаар нь ялгаж уралдуулдаг шүү дээ. Гэтэл сонгуульд хүмүүс оролцож, нэг төрлийн уралдаан болж байхад зохицуулалт нь бүдэг байгаа юм. Үүнд хамгийн их нөлөөлдөг зүйл нь санхүүжилттэй холбоотой асуудал юм.

Өнгөрсөн 24 жилийн ололтыг бэхжүүлэхийн тулд хийх гол зүйл бол улс төрийг мөнгө, бизнесээс салгах цаг болсон. Миний бодлоор Монгол Улсын  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ямар ч иргэн ямар ч түвшний сонгуульд өрсөлдье гэхэд санхүүгийн шалтгаанаар өрсөлдөж чадахгүй байна гэдэг бол эмгэнэл гэж боддог. Тийм учраас сонгуульд нэр дэвшигчид ямар хэмжээний мөнгө зарах, түүнийг яаж зарцуулах талаар адил тэгш боломж олгохгүй бол өнөөдрийн Монголын улс төрд мөнгөний хүчин зүйл хэт их байгаа учраас гажуудал үүсэхэд хүргээд байна.  

УИХ болон сонгуулийн байгууллага нь бизнес санхүүгийн, эсвэл баян хүмүүсийн клуб биш гэж би боддог.  Төр удирдах чадамжтай хүмүүс л хууль, хэм хэмжээ тогтоох байгууллагад орох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хууль, тогтоомжоо өөрчлөх ёстой. Сонгуулийн санхүүжилт, нэр дэвших зарчим, ил тод байдал, нэр дэвшигчид тавих шаардлага зэрэг олон чимхлүүр, зориг шаардсан хэмжүүр гаргаад өөрчлөлт хийж чадах юм бол Монголын ирээдүйд их тус дөхөмтэй ажил болно гэж бодож байна. Энэ бүхнийг сайн хийж чадаагүйгээс болоод өнөөдөр төрийн удирдах чадамж сулрах, ой санамж, алсын хараа, бодлогын залгамж шинж алдагдах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа нь нууц биш. Иргэн хүнийхээ хувьд би өнөөдөр эдгээр асуудалд шүүмжлэлтэй хандаж санаа зовж явдаг зүйлээ шууд хэлж байгаа юм. Үүнээс болж төрөө дээдэлдэг ард түмний ёс заншил, шударга ёсонд итгэх итгэл сулрах, хууль дээдлэх ёс алдагдах, алдаа завхрал гарах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байна.

Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон өөр олон хүн санаа зовж байгаа.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэл, хариуцлагын тогтолцоо, Шилэн дансны хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Ухаалаг төрийн санаачилга зэрэг эрх зүйт,хариуцлагатай төрийг бий болгох талаар олон  санал санаачилга дэвшүүлж, зарим хууль нь УИХ-аар батлагдсан. Зарим хуулийн төслийг УИХ-ын энэ намрын болон ирэх хаврын чуулганаар  хэлэлцэж мөрдөх юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилгыг иргэд талархан дэмжиж байгааг энэ дашрамд  хэлье.

Өнөөдрийн симпозиумд нэр дэвшигчид оролцож байгаа та бүгдийн үнэтэй санал, зөвлөмжийг аль болох ажил хэрэг болгоно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Тамгын газрыг төлөөлж байгаа хүний хувьд амлаж байна. Монголчуудын хэлдгээр “Сайн зүйлд садаа мундахгүй” гэгчээр  манайд садаа олон байгаа. Гэхдээ тэр саадыг давж, сайн зүйлээ улам сайжруулаад, саараа арилгаад явбал Монгол Улсын ирээдүй их гэрэл гэгээтэй байгаа гэж би итгэдэг.

Өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил гэж ярьж, тэмдэглэж байна. Түүх бол түүнээс ч урт. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны бараг маргааш нь шилдэг  залуусаа Герман улс руу явуулж байсан. Тэд Европын, Германы соёл, шинжлэх ухаан, боловсролын үрийг тээн ирж, эх орондоо соёолуулж, их зүйлийг хийсэн түүхтэй. Азийн Монголыг Европын соёл иргэншилтэй болгоход тэр хүмүүс үрийг нь тээж ирсэн юм. Тэдний нэг, Германд 1920-иод онд сурч байсан Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж:

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөртөлж харина гэсэн алдарт шүлэг бичсэн. Энэ шүлгийг Монголын хүүхэд бүр мэднэ.

Монголд Европтой, Германтай ижил төстэй зүйл олон бий. Бид бол Ром-Германы эрх зүйн тогтолцоог авсан, бас Европын боловсролын тогтолцоог авсан, бид Европын соёл, сонгодог урлаг, уран зохиолын амтыг мэдэрч, сургуульд уншиж судалж, театрт үзэж харж явдаг Азийн ард түмэн. Бид бас Европын стандарт, Европын үнэ цэнэтэй зүйл, хүний эрх, эрх чөлөө, чанар, өрсөлдөх чадвараас сурахыг хичээдэг, Европтой ижилсэх түвшинд хүрэхийн төлөө тэмүүлдэг тийм холын бодолтой, чин зорилготой ард түмэн шүү гэдгийг хэлмээр байна. Бид ХБНГУ-ыг  Европ дахь хамгийн том түнш орон гэж мэддэг, хүндэлдэг, үүгээрээ бахархдаг ард түмэн. Монгол Улс бол мянган хүнд ноогдох герман хэл ойлгодог, мэддэг хүнийхээ тоогоор Азид нэгдүгээрт жагсдаг гэдгээрээ бахархаж ярьдаг, бардамнадаг хүмүүс. Тийм учраас бидний хооронд, Герман-Монголын ард түмний хооронд үзэгдэх, үл үзэгдэх  нийтлэг зүйл олон байдаг. Эдгээрийг бэхжүүлэх, улам дэлгэрүүлэх талд манай хоёр орон, ард түмэн цаашдаа хамтарч ажиллаасай гэж  хүсч байна.

Монгол Улс бол өнөөдөр дэлхий дээр хамгийн хурдан өсч байгаа эдийн засагтай орон гэдгийг манай Герман нөхөд мэдээсэй гэж хүсч байна. Бид ирэх 15 жилд жил бүр 15 хувийн өсөлттэйгээр эдийн засгаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаа орон. Манай газар нутаг том, хүн ам цөөн. Монгол Улс ардчиллаараа бахархахын сацуу өнгөрсөн 20 жилд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл ирэх 20 жилд эдийн засгаа дандаа хоёр оронтой тоогоор өсгөж хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байгаа юм. Бид Герман нөхдөөсөө сурахаас гадна Германы бизнесийнхэн, ажил хэрэгч хүмүүс Монголын гараан дээрээ байгаа хөгжлийг бүтээлцэхэд хамтран оролцож, бидний хамтын түүхийг бүтээхэд оролцох чиглэлээр Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангууд ажиллаасай гэж хүсч байна. Дахин хэлэхэд энэ симпозиумаас гарсан зөвлөмж, үнэтэй саналуудыг бид ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ хэлье. Та бүхний ажил үйлст амжилт хүсье” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш