logo
Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар тогтоол гаргана

Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар тогтоол гаргана

2014/10/09

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.08/ хуралдаанаар Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус тус сонслоо.

Мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танилцуулав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол оржээ.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас /Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг/ эхлэн Орхон голд цутгах хүртлээ /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг/ 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг байна.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч чанарын хяналт тавьдаг ч лабораторийн хүчин чадал, техник тоног төхөөрөмж дутагдалтайгаас шалтгаалан одоогийн байдлаар Туул голын усанд нянгийн болон хүнд металлын шинжилгээ хийгдэхгүй байгаа аж. Туул голын усны бохирдлын олон жилийн нөлөөллөөс шалтгаалан голын ёроолын хурдас, хагшаас бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судлагаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж мөн дутмаг байгаа гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод 2014 оны байдлаар арьс шир боловсруулах 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрүүдээс гарч байгаа бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон элс хайрга олборлодог 84 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт санал хүргүүлж, элс хайрга олборлодог 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Гэвч бүтээн байгуулалтын ажил зогсох, барилгын түүхий эдийн хомсдолд орж барилгын үнэ нэмэгдэх зэрэг бэрхшээлтэй тулгарч байгаа талаар мэдээлэлд дурдлаа. Иймд цаашид Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих, Туул гол дээр усан цогцолбор байгуулах, Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтанд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах зэрэг шийдвэрлэх асуудлууд байгааг салбарын сайд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Туул голын асуудал онц их, их бохирдсон гэсэн түвшинд байгаа тул Байнгын хорооны хуралдаанаас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Ажлын хэсэг байгуулах саналыг гаргасан. Мөн Туул голын усны чанарын индексийг нэг сарын хугацаанд боловсруулж иргэдэд мэдээлж байх, төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдэх зэрэглэлд оруулж дэмжлэг авах, бохирдуулагчийн төлөх төлбөрийн зарчмыг тодорхой болгоход салбарын яам анхаарч ажиллахыг сануулсан.

Хуралдаанаар Туул голын бохирдлыг бууруулах асуудлаар Байнгын хорооноос тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш