logo
Хүүхдийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлцгээе

Хүүхдийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлцгээе

2014/10/11

Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний Дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт бага хурал өнөөдөр эрүүл мэндийн яаманд боллоо. Тус хуралд УИХ-ыг гишүүн С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй ЭМЯ, ДЭМБ, Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.

 

Хурлын үеэр дэд сайд үг хэлэхдээ “Өнөөдөр Хоспис ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээний Дэлхийн өдрийг улс орон бүрт баяр ёслолтойгоор тэмдэглэж байгаа энэ мөчид бид Монгол улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хурал хийж байгаад баярлаж, энэхүү хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархаснаа илэрхийлж, амжилт хүсье.

Яг 14 жилийн өмнө Монгол улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг ч байгууллага, хөнгөвчлөх анагаах ухааныг заадаг нэг ч сургууль, нэг ч монгол ном сурах бичиг байгаагүй юм. Иймээс өвчин нь илаарших боломжгүй болсон өвчтөний тусламж үйлчилгээ авах эрх нь хөсөрдөж, “эмчилгээгүй ” гэдэг нэрийн дор ар гэрт нь даатган үлдээдэг байсан ба тэд өвдөж, шаналсаар хорвоог орхидог байсан. Яг 14 жилийн өмнө Монголын Хөнгөвчлөх Эмчилгээ Нийгэмлэг байгуулагдах үед ЭМЯ-ны дэд сайдын үүргийг гүйцэтгэж байсан Н. Удвал, энэхүү шинэхэн нийгэмлэгийг өлгийдэн авсан ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлуулан ажиллуулсан билээ. Ажлын хэсэг нь:

  хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтыг Анагаахын боловсролын тогтолцоонд, төгсөлтийг өмнөх ба дараах сургалтанд, эмч, сувилагч нарт оруулах;

  хөнгөвчлөх эмчилгээнд нэн шаардлагатай эм хангамжийг бий болгох, эмийн жор бичих эрхийг өргөтгөх,

  хөнгөвчлөх тусламж үйлчилгээний стандартыг боловсруулах, 

  хөнгөвчлөх тусламж үйлчилгээг ЭМЯ-ны бодлогонд тусгах цогц ажлын хэсэг батлагдаж байсан нь өнөөдөр хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн ба засгийн газрын бодлогоор хөгжүүлдэг Дэлхийн 35 орны тоонд Монгол улсыг оруулсан нь бидний амжилтын баталгаа яах аргагүй мөн. 

Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь төр засгийн бодлогын нэг хэсэг болж, Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний стандарт, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2017 он хүртэл бодлогоор хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Энэ бол манай ЭМЯ-ны, төр засгийн ажилтан нарын чармайн зүтгэсний үр дүн юм.

Монголын анагаахын бүх сургуульд хөнгөвчлөх анагаах ухааныг заадаг болсон ба үндэсний сурах бичиг, сургагч багштай болж, энэ чиглэлээр нэг доктор, 5 магистр хамгаалж, үндэсний боловсон хүчинтэй болж байна.

Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний 16 ортой тасгаас гадна Ногоон гэр, Ивээл, Найдвартай, Ач тус хосписууд үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн төсвийг хэмнэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

2011 онд Дэлхийн Хосписын Холбооны дэд захирал Стефен Коннор манай улсад айлчилж, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тогтолцоотой танилцсан ба Монголд олон улсын сургалт явагдах боломжтой болсоныг мэдэгдээд зогсохгүй 2012 оны 7 сараас анхны олон улсын сургалтыг Киргиз улсаас эхэлсэн юм.

Энэхүү амжилтын төлөө чармайн зүтгэсэн Д. Одонтуяа тэргүүтэй Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн хамт олон, сүүлийн 10 жил энэхүү салбарыг Монгол улсад хөгжүүлэх гэж чармайн зүтгэж буй АНУ-ын иргэн Хелен Шеперд, Солонгос улсын иргэн Лий багш, энэрэнгүй үйлсийн эзэн болсон хосписын эмч, ажилтан, хөнгөвчлөх анагаахыг зааж буй эрдэмтэн багш нартаа баярын мэндийг дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, хайр халамж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хэдийгээр Монголд хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний цогц тогтолцоо бүрдэж, анхан шатанд өрх сумын эмч, хоёр дох шатанд аймаг, дүүргийн хавдрын эмч нар, гурав дахь шатанд ХСҮТ-ийн хөнгөвчлөх эмчилгээний тасаг үзүүлж, үнэ төлбөргүй өвдөлт намдаах эмийг түгээж байгаа боловч, хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, үүнд хүүхдэд үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, харвалттай, циррозтой, зүрх, уушги, бөөрний архаг дутагдалтай, бүх эмэнд дасалтай сүрьеэтэй, хүнд гэмтэлтэй хүнд үзүүлэх хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээ Монголд жилдээ 16192 хүн нас барж, нийт нас баралтын 60%-д буюу 9715 орчим өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй өвчтөн эзэлж байсан байна. Үүнээс хавдрын шалтгаанаар жилд 3795 хүн нас барсан бол, хавдрын бус шалтгаанаар хөнгөвчлөх эмчилгээ хэрэгцээтэй байсаар нас барсан 6000 орчим хүн байна. Иймээс энэхүү хурлаас хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх талаар ухаалаг санал гарч, бидний бодлого зохицуулах үйл ажиллагаанд дэм болно гэж найдаж байна” хэмээлээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш