Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протоколыг баталлаа. Эдгээр баримт бичгийг баталгаажуулснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 2017 он хүртэл жил бүр 2,3 сая турк лиртэй тэнцэх хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан Турк улсын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авах, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг БНТУ-ын цэргийн сургууль, дамжаануудад суралцуулах боломжтой болно.