logo
Хүний аминд хүрсэн мухар сүсэгтнүүдэд цаазын ял оноожээ

Хүний аминд хүрсэн мухар сүсэгтнүүдэд цаазын ял оноожээ

2014/10/13

Хятадын шүүх өнгөрсөн 5-р сард Шаньдон мужийн McDonald‘s ресторанд нэгэн эмэгтэйг зодож хөнөөсөн шашны бүлэглэлийн таван гишүүний хэргийг шүүсэн байна. Тэдний хоёрт нь цаазын ял, нэгд нь насаар нь хорих ял, үлдсэн хоёрт нь 10 жил хорих ял тус тус оноожээ. Шашны бүлэглэлийнхэн У Шуоян гэгч эмэгтэйг өөрсдийн эгнээнд элсүүлэхээр оролдсон ч тэрээр гар утасныхаа дугаарыг өгөхөөс татгалзсаны дараа түүний аминд хүрсэн аж. Бүхнийг Чадагч Бурхны Сүм хэмээх шашны бүлэглэлийг Хятадад хуулиар хориглодог ч тус бүлэглэл олон сая гишүүдтэй гэж мэдээлдэг байна.

Хятадын дээд шүүх доод түвшний шүүхүүдийн цаазын ял оноох шийдвэрийг нягталж үздэг бөгөөд шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй ажээ. 37 настай У Шуояныг шашны бүлэглэлийнхэн хөнөөсөн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж байсан талаар BBC мэдээлж байна.

Бүхнийг Чадагч Бурхны Сүмийнхэн бурхан ертөнцийн төгсгөлийг зөгнөхөөр Хятад эмэгтэйн дүрээр эх дэлхийд эргэн ирсэн гэдэгт итгэдэг бөгөөд энэ бурхантай шууд холбоо тогтоосон гэж хэлсэн цорын ганц хүн нь физикийн багш байсан Жао Вэйшан аж. Тэрээр 25 жилийн өмнө шашны бүлэглэлээ байгуулсан ч АНУ руу дүрвэсэн юм байна. Ямартай ч 5-р сард болсон аллагын дараа Хятадын цагдаа нар тус бүлэглэлийн олон зуун гишүүнийг баривчлан саатуулжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш