logo
Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ын гишүүдэд хандлаа

Сонгинохайрхан дүүргийн иргэд УИХ-ын гишүүдэд хандлаа

2014/10/13
Монгол Улсын Засгийн газраас  УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл, оршин суугчдын зөвлөлөөс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд өргөх бичиг хүргүүлжээ. Тус өргөх бичигт нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж, иргэд дэмжин ажиллаж байгаа. Гэвч Засгийн газраас хөрөнгө оруулалтыг тэглэж, бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрэх эрсдэлтэй төсвийн төсөл өргөн барьсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тиймээс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд дүүргийн иргэдийн төлөөллийн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүссэн байна. Мөн тус дүүргийн иргэд нийслэлчүүддээ хандаж уриалга гаргажээ.


Жич: Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөллийн  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад хүргүүлсэн өргөх бичиг, уриалгыг бүрэн эхээр нь нийтлэе.

Сонгинорхайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн
Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва  танаа


2014 оны 10 сарын 13                                                                                               Улаанбаатар хот. Баянхошуу

Өргөх бичиг хүргүүлэх тухай

          Шинэчлэлийн Засгийн газар болон Нийслэлийн зүгээс Баянхошуу бүсэд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдэд Баянхошууны иргэд бид сэтгэл хангалуун байдаг. Энэ бодлого шийдвэр төр засгийн хэмжээнд шийдэгдэхэд манай дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн  таны хичээл зүтгэл их байсныг бид мэднэ.Урьд өмнө түүхэнд байгаагүй  бүтээн байгуулалтыг Сонгино Хайрхан дүүргээс эхлэх болсонд иргэд бид бүх талаараа дэмжин, зохион байгуулалтанд орж, 8 дугаар хороонд 600 өрх, 30 бүлэг,  9 дүгээр хороонд 611 өрх, 39 бүлэг,  10 дугаар хороонд 500  өрх, 20 бүлэг, 28 дугаар хороонд 81 өрх, 4 бүлгүүдийг хамарсан оршин суугчдын түр  зөвлөл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.Баянхошууны эцэст 1800 айлын орон сууцны цогц хороолол, Ханын материалын  эцэст эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд орж байгааг таныг мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.”Баянхошуу дэд төв” төсөл батлагдсанаас хойш Баянхошууны иргэд бидний нийгмийн идэвхи эрс нэмэгдэж төр засгаас ямар бодлого, шийдвэр гарч байгааг байнга сонирхон харж байдаг болсон.

Гэтэл Улсын их хурлаар батлуулахаар өргөн барьсан 2015 оны улсын төсөв иргэд бидний итгэл найдварыг хөсөрдүүлсэн, энэ бүтээн байгуулалтын ажлыг зогсоож болзошгүй төсөл орж ирж байгаад үнэхээр их харамсаж байна.Энэ төсвийг Улсын их хурлаар хэлэлцэхэд манай дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн та иргэд бид бүхний итгэл найдварыг хамгаална гэдэгт найдаж байна.Хэрвээ энэ танагдсан нийслэлийн төсөв Улсын их хурлаар батлагдвал Баянхошууны иргэд бид шат дараалсан бүхий л арга хэмжээг авах болно гэдгийг Улсын их хурлын гишүүн , шадар сайд  танаар дамжуулан Улсын их хурлын дарга, Ерөнхий сайдад уламжилж өгөхийг хүсэж байна.

Танд ажлын амжилт хүсье

        Сонгино хайрхан дүүргийн оршин суугчдын зөвлөл
  1. СХД-ийн 2 дугаар хорооны ОСТЗ-ын дарга М.Ганболд
  2. СХД-ийн 7 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Б.Чинболд
  3. СХД-ийн 8 дугаар хороон ОСТЗ-ын дарга  Д.Хишигбаатар
  4. СХД-ийн 10 дугаар хороо, ОСТЗ-ын дарга Б.Сүхбаатар
  5. СХД-ийн 24 дүгээр хорооны ОСТЗ-ын дарга Р.Сүрэнхорол
  6. СХД-ийн 26 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Х.Өлзийбүрэн
  7. СХД-ийн 20 дугаар хорооны ОСТЗ-ын дарга Б.Даваацэрэн
  8. СХД-ийн 30 дугаар хорооны ОСТЗ-ын дарга С.Нарантунгалаг
  9. СХД-ийн 31 дүгээр хорооны ОСТЗ-ын дарга Д.Төмөр-Ухна

 - * - 

УРИАЛГА

          Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ

Нийслэлчүүдээ! 2012 оны Засгийн эрх барих Улсын их хурлын ээлжит сонгуульд санал өгөхдөө, Нийслэлчүүд бид 86%-ийн саналаар ардчилсан намаас нэр дэвшигчидэд итгэл хүлээлгэсэн.Гэхдээ намд нь биш үндсэн хуулиар олгогдсон хүн бүрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаажуулахаар тусгасан гэр хорооллын дахин төлөвлөлт, утаагүй Улаанбаатар  зэрэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн Ардчилсан намд саналаа өгсөн билээ.Нийслэлчүүд бидний энэ сонголт маань ч буруу байгаагүй гэдгийг сүүлийн 2 жилийн дотор  нийслэлд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд харуулж байна.

Гэтэл энэ эхлүүлсэн ажлуудаа зогсооход хүргэсэн Улсын их хурлын Намрын чууганд өргөн барьсан 2015 оны төсвийн төслийг батлуулах гэж байгаад Сонгино хайрханчууд бид харамсаж байна.Цаашид энэ төсвийн төсөл батлагдаж Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрч, сонгогч  бидний эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрч болзошгүй байна.Иймд Ардчилсан орны иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нийслэлийн иргэд та бүхэн өөрсдийн тойргоос Улсын их хуралд сонгогдсон гишүүддээ хандаж дээрх төсвийн төслийг батлуулахгүй байхын төлөө бидний уриалгыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
Монгол улсын нэгдсэн төсвийн бараг  50 хувийг бид татварийн орлогоороо бүрдүүлдэг.Хэрэв энэ өргөн барьсан төсвийн төсөл батлагдвал одоо хийгдэж бүх бүтээн байгуулалтын ажил зогсож, татварын хэмжээ 2 дахин өсөж Нийслэлчүүд бидний амьдрал туйлын хүнд болно.
 

Нийслэлчүүдээ Шинэчлэлийн Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан 2015 оны харалган төсвийн төслийн эсрэг бүх шатны тэмцэлд нэгдэн оролцохыг уриалж байна.

Уриалга гаргасан СХД-ийн нийт сонгогч иргэдийн төлөөлөл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш