logo
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад Ч.Болдбаатарын нэрийг өргөн барилаа

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад Ч.Болдбаатарын нэрийг өргөн барилаа

2014/10/13
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, даргыг нь Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилохоор болсон. Үүний дагуу хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулах комисс байгуулж, анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, олон нийтээс санал, үнэлгээ авч шалгарууллаа. Нээлттэй сонгон шалгаруулалтад 6 хүн материалаа хүргүүлснээс 4 хүн шалгуур хангаж, хууль эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалтад орж, сүүлийн шатад Д.Цэрэндорж, Ч.Болдбаатар нар шалгарсан юм.

Нэр дэвшигчид “Эрүүл Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэхэд хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд өдөр тутмын сонин, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан иргэдэд танилцуулж  10 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийг дуустал иргэдээс санал, үнэлгээ авлаа. Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор нэр дэвшигчдийн нэрийг А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэж, зөвхөн мөрийн хөтөлбөртэй танилцаж саналаа өгөх боломж олгосон юм. Мөн нэр дэвшигчдийн халз ярилцлага, мэтгэлцээнийг 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цагаас UBS телевиз дээр зохион байгуулсан бөгөөд Twitter, Facebook-ээр дамжуулан нэр дэвшигчдээс иргэд асуулт асууж, Нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүд үнэлгээ өгсөн байна.
Шалгалтын нэгдсэн дүнг танилцуулвал:
  1. Нэр дэвшигч Дамбийнямын Цэрэндорж
Ерөнхий шаардлагын үнэлгээ-19.03
Удирдах ур чадварын түвшингийн үнэлгээ-26
Ярилцлага 
-Мөрийн хөтөлбөрт өгсөн олон нийтийн үнэлгээ-8.98
-Мөрийн хөтөлбөрийн танилцуулга-2.83
-Ярилцлагын үнэлгээ-3.87                             Нийт оноо- 60.71
            
  1. Чойжанцангийн Болдбаатар
Ерөнхий шаардлагын үнэлгээ-28.43
Удирдах ур чадварын түвшингийн үнэлгээ-32.5
Ярилцлага 
-Мөрийн хөтөлбөрт өгсөн олон нийтийн үнэлгээ-9.48
-Мөрийн хөтөлбөрийн танилцуулга-4.66
-Ярилцлагын үнэлгээ-6.75                              Нийт оноо- 81.82
 
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт иргэдээс санал авсан өдрүүдэд буюу 10 дугаар сарын 02-ноос 07-ны өдрүүдэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд давхардсан тоогоор 193 721 хүн хандсан байна. Харин тус цахим хуудсанд сонгон шалгаруулалттай холбоотой нийтэлсэн 8 мэдээллийг нийт 21 852 хүн уншсан байна.

Хуулийн дагуу сонгон шалгаруулалтын комисс хуралдаж, дээрх нэгтгэсэн дүнгээр 81.82 оноогоор нэгт жагссан  Ч.Болдбаатарын нэрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүллээ. Нэр дэвшүүлэх тухай Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолыг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд өргөн барилаа. Тогтоолын дагуу нэр дэвшигчийг удирдах албан тушаалд томилох эсэхийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ. Харин 60-аас дээш оноо авч, шаардлага хангасан нэр дэвшигч Д.Цэрэндоржийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгүүлэхээр санал орууллаа  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш