logo
НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон батлахыг дэмжлээ

НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон батлахыг дэмжлээ

2014/10/15

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.10.14/ хамтран хуралдаж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

НҮБ-ын Ерөнхий ассемблей 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг баталсан бөгөөд Монгол Улс 2000 онд тус конвенцийг соёрхон баталсан байна. Энэ удаад дээрх конвенцийн Нэмэлт Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хорооноос Монгол Улсыг НҮБ-ын Ерөнхий ассемблейн 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколд нэгдэн орж, үндэсний, хараат бус урьдчилан сэргийлэх механизм бүрдүүлэхийг зөвлөснийг үндэс болгосон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн зорилт, түүний хэрэгжилтийг хангаж, эрх чөлөөгөө хязгаарлуулсан буюу хасуулсан хүмүүсийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог Хүний эрхийн үндэсний комиссыг түшиглэн байгуулах юм байна.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүд сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүх явдал газар аваад байгаа, олон сар жилээр цагдан хорьсоноос болж хүний амь эрсэдсэн, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүнийг буруутай мэтээр мэдээлж, нэр төрд нь халдаж байгаа нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр дурдагдсан явдал гарч байгаа нь хууль эрх зүйн орчин төдийлөн сайжраагүй байгаатай холбоотой хэмээгээд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгааг дурдсан. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд эрүүдэн шүүх гэдгийг нарийвчлан тусгасан хэмээж байлаа. Түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, цагдан хорихтой холбоотой гардаг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн хуулийн төслийг ирэх 11 дүгээр сард өргөн барихаар бэлтгэж байгаагаа дуулгасан. Одоо боловсруулж буй хуулийн төслүүдэд сэжигтэн, яллагдагчийг мөрдөн шалгах явцад заавал хорих бус цахим гав хэрэглэн албадлагын арга хэмжээ авахаар тусгагдсан байгааг сайд дурдаж байлаа.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 96 хувь нь хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш