logo
О.Магнай: Шүүх иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна

О.Магнай: Шүүх иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна

2014/10/15

Арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч хохироож байгаа талаар иргэд, аж ахуй эрхлэгчдээс тус агентлагт их хэмжээгээр өргөдөл ирсэнтэй холбогдуулан арилжааны банкуудын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийсэн билээ.

Хууль зөрчсөн байдал:

Хяналт шалгалтаар арилжааны банкууд зээл олгохдоо авдаг зээлийн шимтгэл болон хураамж зэрэг нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан байхад зээлдэгч нарт зээл олгоход гардаг тус тусын өөр зардал гэх ойлголтыг төрүүлсэн мэдээллийг өгч байгаа нь өөрийн зээлийн үйлчилгээний талаар үнэн байдлыг гуйвуулсан, худал зөрүүтэй мэдээлсэн, бусдыг төөрөгдүүлсэн байх бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх"-ийг хориглоно, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй, 12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл болж байна. Түүнчлэн дээрх байдлаар арилжааны банкууд нь зээлдэгчдээс зээл олгоход гарах зардлыг давхардуулан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн  зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал гэж тайлбарлаж буй боловч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай харьцуулахад өндөр тогтоогдсон. Гэрээний харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчмыг зөрчиж байгаа бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэл болно. Зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Авсан арга хэмжээ:

Зөрчил гаргасан нь тогтоогдсон “Голомт банк”, “Капитал банк”, “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл банк”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон банк”, “Хас банк”, “Чингис хаан банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” зэрэг нийт 13 арилжааны банкуудад зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг даалгаварыг улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгосон.

Иймд ШӨХТГ-ын дарга О.Магнай:

Өнгөрсөн хугацаанд манай байгууллагатай холбоотой 9 асуудал шүүх дээр гацаж байна. Эдгээр шүүгч нар шүүх хурал бүр дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтэй компаниудын талд шийдвэр гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч Лхавгасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адьяасүрэн, давж заалдах шатны шүүхийн Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Зандраа, Сумъяа, Мөнхтуяа, Цэцэгээ нар 9 удаа манай эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хэрэглэгчид, олон нийтийн эсрэг шийдвэр гаргаж байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, барилгын метр квадраттай холбоотой асуудал буюу “Тайгам-Алтай” гэх компанийн асуудлыг шүүх дээр дөрвөн сар сунжруулж, буцаасан. Мөн нөгөө талын илт хууль бус нэхэмжлэлийг асуудал болгож тавьдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

Цахилгааны үнэ нэмэгдэхгүй

Цахилгаан эрчим хүчний үнэ ханшид өөрчлөлт оруулж, кВт цаг тутамд таван төгрөг нэмэх тухай шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ноос гаргасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас ЭХЗГ-ын шийдвэрийг хүчингүй болгох тухай мэдэгдэж байсан юм. Гэвч мэргэжлийн байгууллага шийдвэрээ хамгаалсаар есдүгээр сараас  эхлэн хэрэглэгчид нэмэгдсэн тарифаар үйлчилгээний хөлсөө төлсөн. Харин ЭХЗГ алдаатай шийдвэрээ эргэн харж, наймдугаар сард гаргасан үнэ тариф нэмэх тухай 126 тоот тогтоолыг хүчингүй болголоо” хэмээн мэдэгдлээ.

Ингэснээр энэ сараас эхлэн эрчим хүчний үнэ тарифийг хуучин нэмэгдэлгүй үнээр тооцож эхлэх бөгөөд есдүгээр сарын төлбөрт илүү төлсөн зөрүүг ирэх сарын төлбөр тооцооноос хасч тооцох ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш