Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн “Дүүргийн хөгжилд-Иргэний оролцоо” сэдэвт иргэдийн баяр, нээлттэй өдөрлөгийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, УИХ-н гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, тасаг, 1-20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, иргэд оролцов.
Арга хэмжээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллагууд энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнасан бол Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын албаны алба хаагчдын парад, ЗХ-ний 032-р ангийн торгон цэргийн үзүүлэх тоглолт, ЗХ-ний 150-р ангийн гардан тулааны үзүүлбэрээр сүр жавхланг илэрхийллээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн сурагчид урлагийн тоглолтоороо, 4-р сургуулийн Аэробикийн тамирчид, ахмадын “Хийн дасгал-Аэробик”-ийн тамирчдын үзүүлэх тоглолт, боксийн өсвөр үеийн тамирчдын тоглолтуудаараа бэлэг барьсан юм.
Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, өрхийн үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээр Хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй үзэсгэлэн, худалдаа гаргаж ажил үйлсээрээ тэргүүлж, дүүргийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг шагналаа.