logo
Нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн  марк  худалдаанд гарлаа

Нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн марк худалдаанд гарлаа

2014/10/28
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд  нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар Монгол шуудан компаниас гаргасан нийслэлийн сүлд тэмдэг бүхий шуудангийн анхны маркийг Монгол маркийн музейд хүлээлгэн өгөх, худалдаанд гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монгол Маркийн газрын дарга Д.Ганболд нар оролцсон юм. Нийслэл анх удаа өөрийн гэсэн марктай болж байгаа бөгөөд тус марканд нийслэлийн сүлд тэмдэг бүхий Хангарьдыг тойруулан 1911 оны Их хүрээ, 1958, 1982 оны Улаанбаатар хотын төв гудамжны өнгө төрх, өнөөдрийн Улаанбаатарын хөгжлийн түүхийг харуулсан зургуудыг оруулсан байна. Нийслэлийн анхны шуудангийн маркыг Монголын Маркын музейд хадгалуулж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “375 жилийн түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхт ойгоороо анх удаа шуудангийн марк гаргаж, Маркын музейд хадгалуулж байгаад таатай байна. Энэ бол хотын түүхэнд бичигдэх бас нэг чухал үйл явдал болж байна”  гэж тодотгон хэллээ. Нийслэлийн 375 жилийн түүхт ойн маркыг 1000 ширхэг гаргасан бөгөөд өнөөдрөөс худалдаанд гаргаж байна. Мөн энэ үеэр нийслэлийн түүх, хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлтүүдийг гэрэл зургийн хальсанд буулгасан Гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын байранд байрлуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээс нийслэлийн өнгө төрх хэрхэн өөрчлөгдсөнийг иргэд харах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш