Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шилдэг хороодыг шарлгаруулах болзолт уралдааныг зохион байгуулж, шалгарсан хороодын Засаг дарга нарыг урамшуулах "Хороо сайхан бол Хот сайхан" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон дүүрэг хороодын Засаг дарга нар оролцлоо.
Энэхүү болзолт уралдаан нь Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилготой юм.
Болзолт уралдаанд Сүхбаатар дүүргээс 9 хороо өрсөлдсөнөөс Эрүүл аюулгүй байдлын индекс, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Төр-Иргэний үйлчилгээ гэсэн шалгуур үзүүлэлтийг тусгаж, дээрх үзүүлэлтийг хамгийн сайн биелүүлсэн 2,11,20 дугаар хороод шилдгээр шалгарч хороодын Засаг дарга нарыг Нийслэлийн 375 жилийн ойн медалиар, 60 хүртэл ам метр орон сууц худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр тус тус шагнасан юм.