Засгийн газар хоорондын ажлын хэсгийн энэ удаагийн хуралдааныг Уул уурхай, эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Холбооны ЭЗЭХЯ-ны ТНБД М.Махниг нар тус тус тэргүүлэв.
Тус хуралдаанд Монгол-Германы Эдийн засгийн хорооны монголын хэсгийн дарга Я.Батсуурь, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Уул уурхай, эрчим хүчний яамныБодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, БХБЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, УУЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар оролцож, монголын уул уурхай, барилга, хот байгуулалт, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан зэрэг хөгжлийн чухал салбаруудын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны тухай танилцуулан, илтгэл тавьж оролцов. Мөн "ГерМон Газ" ХК-ий дэд захирал Мөнхтуяа тус компанийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Холбооны Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга, реакторын аюулгүй байдлын яамны төлөөллөөс гадна Монгол, Германы Эдийн засгийн хорооны тэргүүлэгч, гишүүд, ГОУХАН, Германы аж үйлдвэрийн холбоо, Фрайбергийн Хельмхольцын нөөцийн технологийн институт, Зүүн азийн нийгэмлэг, "Germany Trade and Invest" зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож хамтын ажиллагааны боломжууд, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав.