logo
Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон  малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон малчдын захиалгаар хийгдсэн хуулийн төсөл дэмжигдлээ

2014/10/29

Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүлгийнхээ 25 гишүүн, бусад нам эвслээс сонгогдсон зарим гишүүдтэй хамтран Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, сайн дураар даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, мөн малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”  хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар дэмжлээ. Хуулийн төслийг Д.Оюунхорол гишүүн танилцуулав.

 2013 оны байдлаар 285.500 малчин байгаагаас нийгмийн даатгалд сайн дураар 23.720 нь буюу 8.3 хувь нь хамрагджээ. Энэ оны байдлаар Нийгмийн даатгалд хамрагдвал зохих 257.807 малчин байгаа ч 234.087 нь хамрагдаагүй байна. Өнөөдөр тэтгэврийн насны малчин нийт малчдын 9.7 хувийг л эзэлж байгаа юм. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монголын нүүдлийн соёл иргэншлийн өв тээгч болсон малчид маань олон жил үнэлгээгүй хөдөлмөрийг цаг наргүй эрхэлж, төрд ч дарамт болохгүй ажлын байр нэхэлгүй, өөрсдийгөө болон үр хүүхдээ тэжээн амьдарсаар ирснийг онцолсон юм. 

Малчдын тоо жилээс жилд буурч, сүүлийн гурван жилийн байдлаар 17 орчим хувиар буурчээ. Малчдын нийгмийн даатгалд хамрагдалт бага, тэтгэвэр авах хугацаа харьцангуй богино байгаа нь тэдний амьжиргааны түвшин доогуур байх, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл нь малчдын захиалгаар хийгдсэн бөгөөд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид танилцуулсан юм. Тиймээс малчдад тулгамдаж байгаа дөрвөн багц асуудлыг энэ хуулийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой юм байна. Тухайлбал, малчдын тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 5 жилээр доошлуулах, эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар, иргэний малчнаар ажиллаж шимтгэл төлсөн 1 жилийг нэг жил 6 сараар тооцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн малчдын хөдөлмөрийн онцлогт нийцүүлэн төлбөл зохих шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болохоор хугацааг уян хатан зохицуулахаар оруулсан байна. Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэнд малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгохоор төсөлд тусгаад байна.

Энэ хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр малчдын тэтгэврийн даатгал, нийгмийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, шимтгэлээ нөхөн төлснөөр сангийн орлого бүрдүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх ажээ. Хэлэлцүүлгийн үеэр малчдын нөхөн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёрын алинаар нь тооцох вэ гэдгээ шийдэх ёстойг гишүүд хэлж байлаа. Тиймээс нөхөн төлөх шимтгэлийн хэмжээг тооцох аргачлалыг нэг мөр болгох, аль болохоор малчдад ойлгомжтой, хүндрэл учруулахгүй байхаар шийдэх байр суурьт гишүүд хүрэв.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш