logo
Мэдээллийн технологийн үндэсний паркийг аваръя!

Мэдээллийн технологийн үндэсний паркийг аваръя!

2011/09/21
Өргөө кинотеатрын салбарыг байгуулах нэрээр түрээсийн гэрээ, зөвшөөрөлгүйгээр төрийн өмчийн Мэдээллийн технологийн үндэсний паркын байрны хойд хэсгийг хэсэг нөхдүүд хуйвалдан хувааж идэж байна.
Тийм том байшинг ашиглаж байгаа мөртлөө төрд нэг ч төгрөг төлдөггүй. Аль 2010 онд МШХХТГ-ын дарга Сансарыг байхад анхны 6 сарын хугацаатай гэрээг Ё.Сүхбаатар Анандбазартай байгуулжээ. Гэрээний хугацаа дууссан боловч Анандбазар тус байрны хойд хэсэгт эзэн хэвээрээ л байж байна.  МШХХТГ-ын шинэ удирдлага ийм улаан цайм хууль зөрчсөн нөхдүүдийн ажиллагааг мэдээж зөвшөөрөөгүй учраас гэрээг сунгаагүй биз.
Энэ хуйвалдааны гол эзэн нь Мэдээллийн технологийн үндэсний паркын одооны захирал Ё.Сүхбаатар гарцаагүй мөн байх гэж бодож байна. Тэр гэрээ байгуулаагүй байгууллагаар байрныхаа хойд хэсгийн хануудыг нураалгаж, их хөрөнгө оруулалт хийсэн юм шиг харагдуулахаар хичээж сууна.
Энэ үйлдлээ тайлбарлах нэг хариулттай байхын тулд шүүхэд гомдол гаргасан болсноос өөр юм хийсэнгүй.
Тэр анхнаасаа хотын төвд байрлалтай, хуучин Шинжлэх ухааны технологийн төв байсан, төв ТИС-ийн урьдаас харсан Мэдээллийн технологийн үндэсний паркын байрыг хувааж идэх атгаг санаатай захирлын албан тушаал дээр бусад хуйвалдагчдынхаа дэмжлэгээр томилогджээ.
Томилогдмогцоо энэ байгууллагын үйл ажиллагааг доголдуулж, санхүүгийн чадавхигүй болгож, ямар ч хэрэггүй байгууллага гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр ханцуй шамлан ажиллаж эхэлжээ. Түүний атгаг санаа хэрэгжиж, зарим үр дүнгээ өгчээ. Жишээ нь Парк санхүүгийн чадваргүй болсон байна. Паркын орлого нь байрныхаа түрээсээс бүрддэг байж. Талыг нь ямар ч түрээсгүй Анандбазарт өгчихөөр орлогынх нь тал нь бүхэлдээ байхгүй болчихсон гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй шудрага, ажилдаа сайн хүмүүсийг хавчин шахаж, хулчгар, зусарч нөхдүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлэхийг хичээх болж. Түүнээс болж олон хүн хохирсон. Зарим жишээг та бүхэнд дэлгэе.
Эхний хүн бол Ё.Сүхбаатарыг энэ албан тушаалд томилогдоход Мэдээллийн технологийн үндэсний паркын орлогч захирал байсан Т.Наранчимэг юм. Паркыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхнээсээ ажилласан  салбарын тэргүүний хүмүүсийн нэг юм. Оюуны үйлдвэрлэлийг дэмжих монголын анхны инкубатор, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх шалгалт гээд паркын өмнөх түүхийн олон амжилт түүний нэртэй салшгүй холбоотой. Гэвч түүнийг ор үндэсгүй ажлаас нь халжээ. Мэдээж Наранчимэг шүүхт гомдол гаргаж, Ё.Сүхбаатарын бурууг нотолжээ.
Буруу шийдвэр гаргасан Ё.Сүхбаатараас Т. Наранчимэгийн хохирол гаргах ёстой байтал паркаас буюу төрийн мөнгөнөөс гарчээ. Сүхбаатар нэг сумаар хоёр туулай бууджээ. Хулчгар, чадваргүй хүнээр үгэндээ ордоггүй хүнийг солиод зогсохгүй паркын санхүүг 16 сая төгрөгөөр хохироожээ.
Өөр нэг жишээ  нь Ж.Ганболд. Бас л ажлаас ор үндэсгүй халсан тул шүүхэд гомдол гаргаж паркын санхүүгээс 6,4 сая төгрөг гаргуулж авсан.
Энэ хоёр хүнээс гадна өөр олон жишээ бий. Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд чөдөр тушаа болсон энэ луйварчныг давруулаад байхгүй ТӨХ болон МШХХТГ-аас шуурхай арга хэмжээ авч, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж найдаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш