Энэ намар Монголын кино ертөнцөд тэсрэлт болж 50 кино нээлтээ хийх гэж байгаа. ТВ коктейл хамтлагийн уран бүтээлчид “Мөнгөний гахай” киногоороо дээрх үйл явдлын салхийг хагалсан бол өнөөдөр хөтлөгч, найруулагч Г.Анхбаярын “Франц үнсэлт” киноны нээлт “Өргөө” кино театрт болох гэж байна. “Луйврын хот” киногоор найруулагчийн ажлаа эхлүүлсэн Г.Анхбаяр “Франц үнсэлт” киноныхоо найруулагчаар ажиллахын зэрэгцээ гол дүрд нь тогложээ. Инээдмийн, хайр дурлалын, романтик төрөлд багтах уг кинонд “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, “Киви” хамтлагийн дуучин Ука, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн ээжид тоглосон жүжигчин А.Алтантуяа, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин С.Өлзийхүү зэрэг олны танил эрхмүүд тогложээ. Киноны дууг дуучин Тэнүүн, Quiza нар хамтран дуулж, сонсогчдод хэдийнээ хүргээд байгаа юм.