logo
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Лауро Маррерог хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Лауро Маррерог хүлээн авч уулзав

2014/11/05
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.11.04/ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа.

   Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, Элчин сайд Омар Лауро Маррерог Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улс, Куба Улсын найрсаг харилцаа хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.  Мөн ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Куба Улсын Улс төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастрог Монгол Улсад айлчлахыг уриад байна. Энэхүү айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд том түлхэц болно хэмээн онцлон тэмдэглэв.

   Элчин сайд Омар Лауро Марреро, Улсын Их Хурлын даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжилав. Мөн тэрээр, Куба Улс Монгол Улстай тогтоосон харилцаанд сэтгэл хангалуун байдаг гээд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын уялдаа холбоо түлхэц болно хэмээн онцлов.

   Түүнчлэн Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр, Манай хоёр орны хооронд 2001 онд байгуулсан “Боловсролын баримт бичиг, эрдмийн цол, зэргийн гэрчилгээ, дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай” хэлэлцээр дуусгавар болсон бөгөөд үүнийг ойрын хугацаанд сунгах саналаа манай тал тавиад буйгаа онцолсон юм.

   Монгол Улс Куба Улстай 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш