logo
Ирэх оны улсын төсвийн орлого, зарлагыг 2012 оны түвшингээр төлөвлөх саналыг дэмжив

Ирэх оны улсын төсвийн орлого, зарлагыг 2012 оны түвшингээр төлөвлөх саналыг дэмжив

2014/11/05
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2014.11.04/ үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Цог даргалан хуралдуулав.

 Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох удирдах ажилтнууд  болон ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

 Төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд сүүлийн хоёр жилд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарч байгаа тул гурван жилийн өмнөх байдал руугаа буцаж орох зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймээс ирэх оны төсвийн орлогыг 2012 оны гүйцэтгэлээр аваад 2015 онд зардлыг нэмэхгүй, харин урсгал зардал, хөрөнгө оруулалтыг хасах замаар хэмнэлт бий болгох горимын санал гаргасан юм.

Төсвийн орлогыг бодитой төлөвлөх нь чухал байна. Ингэж байж урьд нь байхгүй орлого төлөвлөж, түүндээ таарсан зардал бичиж ирсэн буруу аргаасаа сална гэдгийг тэрээр хэлээд ирэх онд зардал нэмэхгүй, эхлээд орлого, зарлагаа 2012 оны түвшинд хүргэж төлөвлөсний дараа юуг хасах вэ гэдгээ ярих нь зүйтэй. Урсгал зардал, хөрөнгө оруулалтаа ирэх онд 1 их наядаар хэмнэх зайлшгүй шаардлага тулгарч байна, хэмнэсэн мөнгөөрөө Чингис бондын төлбөрийг төлөх сан байгуулах хэрэгтэй байна гэсэн байр сууриа илэрхийлэв.

 Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан зардал хэмнэх боломжийг бодитой харж хийх ёстой, Засгийн газрын тусгай сангуудыг цэгцлэх, төрийн байгууллагуудын илүү шат дамжлагыг цөөрүүлэх, шаардлагагүй агентлаг, газрууд, төрийн өмчит газруудыг татан буулгах замаар орон тоо хэмнэх, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад зарим эрх үүргийг шилжүүлэхэд анхаармаар байна гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү төрийн байгууллагууд улсын төсвийн хөрөнгөөр өндөр байшин барилга бариулж үр ашиггүй зардал гаргах нь замбараагаа алдсан, тэр байтугай хувийн хэвшлийнхэнтэй уралдан орлого хөөцөлддөг болсныг шүүмжлэв. Ингээд З.Энхболд гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

 Дараа нь байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

 Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

 Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээний зөрчил, гадаад валютын шилжүүлгийн зэрэг санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг байна. Манай улс тус байгууллагын Конвенцид 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, уг хуулийг УИХ 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар гишүүн орон болжээ.


 Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцийн "Баталгаанд хамаарах эрсдэл", "Баталгаа гаргаж болох хөрөнгө оруулалт" гэсэн 11, 12 дугаар зүйлд баталгаа гаргах зээлийн хамрах хүрээг өргөжүүлэх, баталгаа гаргах үйл явцыг хялбарчилах чиглэлээр зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. Иймээс манай улс Дэлхийн банкны гишүүн-Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын гишүүн орны хувьд уг байгууллагын Конвенцид 2010 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлах нь зүйтэй гэж Засгийн газар үзээд энэ хуулийн төслийг боловсруулсан байна.

 Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо  гэж Улсын их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш