logo
Оюутолгойн хөрөнгө оруулагч талыг хэлэлцээнд урина

Оюутолгойн хөрөнгө оруулагч талыг хэлэлцээнд урина

2011/09/22
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хөрөнгө оруулагч талд танилцуулах, яриа хэлэлцээ хийх талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.
    Энэ дагуу Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, 50 хувьд хүргэх болон нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед”  компанид албан бичиг явуулж, яриа хэлэлцээнд урихыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дыйарга Ч.Хүрэлбаатарт даалгасан байна.
    Хуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс харахад төсөл сайн хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 25-нд Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэж дуусах юм байна. Гэхдээ өмнө нь хөрөнгө оруулагч талтай хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө авч үзэн, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу цаашид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх тухай үүргийг Засгийн газрын хуралдаанаас авсан ажээ.  
Оюутолгой төсөл дээр 9 мянга гаруй монгол иргэн ажиллаж байгаагийн зэрэгцээ 3 мянга гаруй хүн төслийн шугамаар суралцаж байгаа аж. 
Shuum.mn   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш