logo
Эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах талаар БНХАУ-тай туршлага солилцлоо

Эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангах талаар БНХАУ-тай туршлага солилцлоо

2014/11/12

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвд энэ сарын 04-05-ны өдрүүдэд ажиллалаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлстийн мэргэжилтэн Ч.Баярмаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү, Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд, Сэхээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэг, Лабораторийн тасгийн эрхлэгч Г.Сарангуа, Тусгай тасгийн эрхлэгч Ж.Улаан, ЭМХТ-ийн хэлтсийн дарга Ө. Баяр, Батлан хамгаалах яамны Жанжин штаб эмнэлгийн албаны дарга Л.Ганчимэг, БХХСАХНЭ-ийн дарга Б.Элбэгсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Д.Хонгор, Хилийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга Б. Энхтуяа нар ажиллав.

 Ажлын хэсгийн гишүүд хоёр улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан ярилцаж, туршлага солилцлоо.

 Мөн Эбола вирусын лабораторын оношилгоо, лабораторын сүлжээг урьдчилан сэргийлэлтэд ашиглан хариу арга хэмжээ авах, Олон нийтийн тандалт хяналтын үйл ажиллагаа, Эбола вирусын тандалтын стандарт, үйл ажиллагааны удирдамж, эмчилгээний менежмент, эрсдэлийн үнэлгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналт, Олон нийтэд зориулсан сэрэмжлүүлэг, сурталчилгаа, хэвлэл мэдээллийнхэнтэй ажиллах төлөвлөгөөний талаар сургалтад хамрагдсан юм.

 БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвийн ерөнхий захирлын орлогч Зижиан Фенг Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад Эбола вирусын халдварын талаар тус улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Хятад улс Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хилийн нэвтрэн орох цэгийн хяналтыг сайжруулах зэрэг олон асуудлыг цогцоор шийдвэрлэх талаар салбар дундын зөвлөлөөр хэлэлцэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

alt

  Хятадын Засгийн газраас Эбола вирусын дэгдэлт гарч байгаа баруун Африкийн улсуудад олон талын тусламжийг үзүүлж байгаагийн дотор Либер, Сьерри Леон улсуудад 50-аас 100 ортой эмнэлэг нээж, эмнэлгийн 40 ажилтныг 4 баг болгон 2-3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулж байгаа бөгөөд тухайн газраас ирсэн эмч, мэргэжилтнүүдийг гэрт нь шууд явуулахгүйгээр 21 хоног тусгаарлаж, биеийн байдоыг хянаж байгаа юм байна. Мөн өвчний тархалт бүртгэгдсэн улс орноос ирсэн зорчигчдод гар утас өгч, утсаар хяналт тавих ажлыг эхлүүлжээ. Өдөрт 2 удаа халуунаа тэмдэглэх, өөр шинж тэмдэг гарвал утсаар яаралтай мэдэгдэж хариу арга хэмжээг яаралтай авах зааварчилгааг гаргасан байна.

 Халдварт Өвчний Хяналтын Төвийн Вируслогийн лабораторийн дэргэд эбола вирусын тусгай тасгийг нээн ажиллуулж, доктор, профессор Мифанг Лиангийн удирдлагаар тус вирусын оношлуурыг гарган авч Францын Лю Пастерын Институтад илгээн 100 хувийн баталгаажилт авчээ. Энэхүү оношлуурыг Эбола вирусын халдварын дэгдэлт гарч байгаа зарим улс оронд хэрэглэж байгаа бөгөөд эмнэлгийн ажиллагсадын хувийн хамгаалах хэрэгслийг ч хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрлэж байгааг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ яаралтай тусламжийн машиныг тусгай зориулалтаар дотор талд нь сөрөг агаарын даралттай байхаар үйлдвэрлэж байгаа ажээ.

БНХАУ-д гурван эмнэлгийг эбола вирусын халдварын сэжигтэй өвчтөнг тусгаарлах, 13 лабораторийг биоаюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораториор сонгон лабораторийн магадлан итгэмжлэлийг явуулж байгаагаа БНХАУ-ын Халдварт Өвчний Хяналтын Төвийнхөн мэдээлсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш