Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2015 оны төсөв анх өргөн барихаасаа л асуудал дагуулсан. Гэсэн хэдий ч Улсын Их Хурал дахь намын гурван бүлэг болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг идэвхитэй ажилласны үр дүнд ирэх оны төсвийг хугацаанд нь баталлаа. Энэ жилийн төсвийн гол зүйл бол эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлж улсын төсвийн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөөр бууруулж баталсан явдал юм. Өмнөх жилүүдэд Засгийн газраас өргөн барьсан төсвүүдийг 100 гаран тэрбумаар бууруулж баталж байсан түүх Улсын Их Хуралд байгаагүй ч ирэх жилийн хувьд онцгой жил болох учраас ингэж батлахаас өөр арга байгаагүй юм гэв.
Дараа нь Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн дарга нар болон төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, батлахад нийтлэг удирдлагаар хангаж ажилласан Төсвийн байнгын хорооны дарга нар ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэн батлах явцад тулгарсан асуудлууд болон намын бүлгүүдийн зүгээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж, нэгдмэл ойлголтонд хүрэхээр зорьж ажилласан тухай мэдээллийг өгсөн.
Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: 2015 оны төсвийн төслийг өргөн барьснаас хойш Монгол Ардын намын бүлэг найман удаа хуралдлаа. Ингэхдээ, төсвийн тоцооллыг үнэн зөв бодитой хэмнэлттэйгээр хийсэн байх, эдийн засгийн хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан байх мөн иргэд, бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулахгүй байх зэрэг зарчмыг барьж ажилласан. Анх Засгийн газраас замбараагүй, олон хууль зөрчсөн төсвийн төслийг оруулж ирсэн. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн Төсвийн хүрээний мэдэгдэлд заасан 9 шаардлагад нийцсэн байхаас 5 шаардлагыг хангаагүй, Төсвийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэх мэт олон алдааг залруулсан байгаа. Мөн тус бүлгээс дөрвөн татварын хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах санал оруулсныг баталж намын бусад бүлгүүдтэй хамтарч, нэгдэж ажилласан хэмээв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, 2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхитэй ажилласан. Сүүлийн дөрвөн жилийн төсвийг хэлэлцэж батлахад энэ удаагийнх шиг Засгийн газар огцорсон, Сангийн сайдгүй хүндхэн үе байсангүй. Энэ нь Улсын Их Хурлаас ихээхэн хариуцлага шаардсан ажил байлаа. Мөн улстөрийн нөхцөл байдлын хувьд тааламжгүй байсан хэдий ч зөвхөн хугацаандаа баригдах биш тодорхой төсвийн шинэчлэлүүдийг хийхээр зорьж ажилласан нь томоохон дэвшил боллоо. Тухайлбал, Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоонд ажиллаж байсан 345 хүнийг цомхотгосноор 3 тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар 4 тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32 тэрбум төгрөгөөр бууруулсан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашид ч мөн төрийн албан хаагчдын орон тоог бууруулах чиглэл баримталж ажиллах болно. Энэ мэт ойлголцож, хамтарсан шийдвэрүүдийн үр дүнд төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, 2015 оны төсвийг намын бүлгүүд харилцан ойлголцож баталлаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй олон санал гарсныг хэлэх хэрэгтэй. Хэд хэдэн асуудал шийдэгдээгүй үлдсэн ч төсвийн орлого баталсан байдлаар бүрдэх баталгаа байхгүй байгаа. Гэсэн ч энд тухайн жилийн ажлыг жилд нь дуусгадаг байхаар оролдлого хийсэн нь томоохон амжилт боллоо. Энэ жил шинээр 141 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр ашиглалтад орно. Мөн урьд байгаагүйгээр цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ нэмэгдэл төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Төсвийн төслийг батлахдаа нам эвслийн бүлгүүд хамтарч ажиллаж чадлаа гэдэгтэй санал нэг байна. 2015 оны төсвийг өргөн барихад шүүмжилмээр учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал, төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсныг бүлгүүд ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрлээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт саарч байгаа, эдийн засгийн учирч болзошгүй хүндрэл бэрхшээлийг даван туулахад энэ төсвөөр эдийн засгийг тогтворжуулна, нийгмийн хөгжлийг хангана гэхэд бас учир дутагдалтай юм. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх хүлээлттэй байгаа. Мөн ирэх жил гадаад өртэй холбоотой асуудлаар иж бүрэн төлөвлөгөөтэй ажиллах болно хэмээн тус тус мэдэгдлээ.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга болон Төсвийн байнгын хорооны даргын зүгээс сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгснөөр энэ удаагийн төсөв батлагдсантай холбогдуулан хийсэн мэдээлэл өндөрлөсөн хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.