Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.11.19/ үдээс хойш хуралдаж Засгийн газраас 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үед найруулгын шинжтэй санал хураалгахад Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин дараах тайлбарыг өгөв.
Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг мөн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтуудыг тус тус тусгасан гэв.
Энэхүү зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй явуулж, төлбөр авагчийн эрх ашгийг богино хугацаанд хангах үүднээс төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлгийг үнэн зөвөөр гаргуулж авах, төлбөр төлөгч оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтөө тухай бүр мэдэгдэж байхаар үүрэгжүүлэх, төлбөр төлөхөөс зайлсхийж гадаадад зорчих магадлалтай төлбөр төлөгчийг хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх санал гаргах эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тусгагдсан байна.
Дараа нь Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан тогтоож байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул үүнийг өөрчилж, талуудын харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон үнээс тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоох, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой, ойлгомжтой байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр асуудлаар гишүүд асуулт болон санал гаргаагүй тул найруулгын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгах саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал байв.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин Цэцийн дүгнэлтийн талаар хэлэхдээ, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа" гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал, нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрхтэй.”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хууль зүйн дээд боловсролтой, ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ... иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн дүгнэлтийн хоёр заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин шударгаар шүүгдэхийг төр хангах заалтыг нь хүлээн зөвшөөрөх боломжтой юм. Уг асуудлыг тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар хэлэлцэх явцад эдгээр заалтыг тус тусад нь санал хурааж шийдвэрлэсэн. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхдээ гурван заалтыг хамтад нь санал хураалгасан. Энэ нь Хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж буй тул заалт тус бүрээр санал хурааж шийдвэрлэх шаардлагатай талаар хэлж байлаа.
Ийнхүү Байнгын хорооны гишүүд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эцэст нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинийг томиллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.