logo
Эрүүл аюулгүй байдлын индексийн хэлэлцүүлэг боллоо

Эрүүл аюулгүй байдлын индексийн хэлэлцүүлэг боллоо

2014/11/21
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаа, Нийгмийн Эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн 2013 оны “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийн төслийн хэлэлцүүлгийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт  Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, ЭАБИ-ийн зөвлөх Н.Оюунбилэг, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Төлөвлөлт, бодлого хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Болормаа болон дүүргүүдийн төлөөлөл оролцлоо. 

Эрүүл аюулгүй байдлын индекс нь Нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан баримт бичиг юм. Нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг 2013 онд 2012 оны Эрүүл аюулгүй байдлын үйл явцын 41, үр дүнгийн 17 шалгуур үзүүлэлтээр гаргасан бол энэ онд өмнөх оны индекцийн түвшинг тогтоожээ.   Урьдчилсан байдлаар ЭАБИ-ийн  бодлогын хүрээнд эерэг үзүүлэлтүүд өсч, сөрөг үзүүлэлтүүд буурсан сайн тал ажиглагдаж байна. Тухайлбал  ногоон байгууламж,   теле хяналтын камерын хувь нэмэгдэж, газар доорх инженерийн шугам сүлжээний таг, нээлхийнээс үзүүлэх эрсдэл, гэр хорооллын хөрсний бохирдол буурсан байна. Мөн бага боловсролд хамрагдсан хүүхдийн тоо, интернетэд хамрагдсан өрх, нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, газар өмчилж авсан иргэд нэмэгдэж, амьжиргааны түвшин доогуур өрх, хаягийн бүртгэлгүй оршин сууж байгаа хүн амын эзлэх хувь буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлд ЭАБЭ-ийг нэвтрүүлж хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, мэдээ мэдээллийн сан нэмэгдэж, хүний амьдрах орчин нөхцлийг хэмжихэд шаардлагатай мэдээллүүдийг төр, захиргааны бүх шатанд гаргаж, үнэлдэг тогтолцоонд шилжиж байгаа юм. Улмаар шинээр 28 мэдээлэл цуглуулах маягтыг Монгол улсын Үндэсний стастикийн хорооны хурлаар  дэмжигдэж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/633 дугаар захирамжаар батлуулан, түүнээс 13 маягтыг улсын хэмжээнд бүртгэдэг, мэдээлдэг, тайлагнадаг болж байна.  

ЭАБИ нь бодит ажил болж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.  Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр “ЭАБИ-ийн талаар иргэдэд үндсэн ойлголт өгөх нь маш чухал юм. Иргэдэд зориулсан  ойлгомжтой гарын авлагууд бэлэн болсон байгаа. Энэхүү индексд нэмж үзүүлэлтүүд орох боломжгүй учир одоо гаргасан ЭАБИ-ээсээ хэрэггүй үзүүлэлт байвал хасч, сайжруулж оруулах хэрэгтэй. Тэр тусмаа ЭАБИ-ийн үнэн бодит тоон үзүүлэлтүүд маш чухал” гэдгийг онцолж уг төслөө Удирдлагын Зөвлөлийн хурлаар оруулахаар хэлэлцлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш