logo
Шуурхай мэдээ:  Ч.Сайханбилэг  Ерөнхий сайд боллоо

Шуурхай мэдээ: Ч.Сайханбилэг Ерөнхий сайд боллоо

2014/11/21

Өнөөдөр болж буй УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилов. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд томилох тухай саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын танилцуулгыг А.Бакей танилцуулсан юм.

Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгээс гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн манай улсад үүсээд байгаа улс төр, эдийн засгийн хямралыг давахын тулд ямар хөтөлбөр, аргаар ажиллах вэ гэдгийг асуусан юм. Энэ асуултад Ч.Сайханбилэг эдийн засгийн болон улс төрийн хямралаас гарахын тулд шинэ байгуулагдах Засгийн газар идэвхтэй, бүтээлч зарчмаар хандана гэдгийг хэллээ.

Үүний дараа санал хураалт явагдан дийлэнхий олонхи буюу чуулганы хуралдаанд оролцож буй нийт гишүүдийн 2-оос бусад нь санал нэгтэйгээр түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох шийдвэрийг гаргав.

Ийнхүү Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо. Тус хуралдаан МАН-ын бүлэг бүрэн бүрэлдрүүнээрээ оролцсонгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг 1969 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, Монгол Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр, АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

 Тэрээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж, улмаар тус холбооны Нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

 Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 дахь удаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, сайдаар 2 удаа томилогдож ажилласан төрийн ажлын арвин туршлагатай, багаар ажиллах, ачаа даах чадвартай, төрийн мэргэшсэн шилдэг залуу боловсон хүчин гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгосныг танилцуулав.

 Ч.Сайханбилэг нь 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр төрийн албанд нийтдээ 18 жил, улс төрийн албан тушаалд 10 жил ажиллажээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш