logo
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо

2014/11/24

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 12 дэх жилдээ болж, 16 нас хүрч  байгаа залуучуудын төлөөлөл иргэний үнэмлэхээ гардан авлаа.  

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол Бахархлын өдөр зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, иргэний үнэмлэхээ гардаж байгаа залуучуудад хандаж  хэлсэн үгэндээ  “Өнөөдрөөс та бүхэн  хүүхэд насаа  орхиж, хамгийн  эрч хүчтэй, сурч боловсорч, ихийг бүтээж цогцлоох залуу настайгаа золгож байна. Монгол Улсын иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваарай” гэж захилаа.

Иргэний андгай өргөх ёслолыг Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улсын хэмжээнд 33 297 залуу 16 нас хүрч иргэний үнэмлэх гардан авч байгаа юм.

 

 Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд

“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би

Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө

Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,

Өвөг дээдсийн өндөр цадигтай,

Өнөд мандах Монголынхоо төлөө

Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм

Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө

Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж

Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа

Ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш