logo
Шар хантаазтнууд Хонгконгт зочлов

Шар хантаазтнууд Хонгконгт зочлов

2014/11/25
Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар – Азийн санхүүгийн төв Хонконгт нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин өнгөрсөн долоо хоногт гурав хоног зочлов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шар хантаазтануудын дунд зарласан “Хоггүй гудамж - Хоггүй хороо” болзолт уралдаанд шалгарсан үйлчлэгч, ачигч, жолооч нараас бүрдсэн багийнхан Хонконгийн 10700 ажилтантай Хот цэвэрлэх газарт ажил хэргийн уулзалт хийж хотын цэвэрлэгээнд хэрэглэгддэг машин техник, багаж хэрэгсэлтэй танилцав. Тэрчлэн Хонконгийн Алтан лянхуа төв талбай, Уулзалт үзэсгэлэнгийн төв, Оддын гудамж, Далайн паркийг сонирхож, алдарт Victoria Peak оргил дээр дурсгалын зургаа татууллаа.

Аяллын багийнхныг Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд хүндэтгэн хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий консул ажил үйлсээрээ мэргэжил нэгтнүүдээ хошуучилж Хонконгт аялах эрх гардсан шар хантаазтануудад баяр хүргээд дэлхийн хамгийн цэвэрхэн газрууд Хонконг, Сингапурт үзсэн харсан тань жилээс жилд цэвэр цэмцгэр болсоор байгаа манай нийслэлийн өнгө төрхийг улам сайхан болгоход хувь нэмэр болно гэж итгэж байгаагаа хэлжээ гэж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш