Баянгол дүүргийн 13 дугаар хороо өнөөдөр буюу 11 дүгээр сарын 26-нд шинэ цогцолбор барилгынхаа нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг даргын орлогч Г.Энхболд, П.Цэцэгмаа, Мөнх-Очир нар болон тус хорооны Засаг дарга А.Эрдэнэ, иргэд оролцлоо.
Баянгол дүүргийн 13 дугаар хороо нь 1978 оны 11 дүгээр сарын 27-нд Октябрийн районы 25 дугаар хороо нэртэйгээр байгуулагджээ.
1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 13 дугаар хороо болон шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд 18,5 га газар нутагтай, 1098 өрх, 4427 хүн амтай байр хороолол юм. Өмнө нь 13 дугаар хорооны байр, өрхийн эмнэлэг хоёр орон сууцны нэг давхрын 3 өрөө байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин өнөөдөр хорооны шинэ цогцолбор байр ашиглалтад орж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, нэг дороос авах боломж бүрдэж байгаад иргэд сайшаалтай хандаж байлаа.
13 дугаар хороо нь иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
• Оршин суугаа тухай тодорхойлолт
• Өргөдөл цохох үйлчилгээ
• Өрхийн дэвтэр нээх, шилжүүлэх
• Зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Иргэдийн санал, хүсэлтийг уламжлах
• Хаягийн шилжүүлэг
• Иргэний үнэмлэх олголт, сунгалт
• Төрсний гэрчилгээний дахин олголт
• Халамжийн чиглэлээр 69 төрлийн үйлчилгээ
• Хөдөлмөрийн чиглэлээр 5 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Ийнхүү 13 дугаар хороо төрийн үйлчилгээг түмэнд ойртуулсан шинэ цогцолбор байртай долоо дахь хороо боллоо.