logo
Солонгос дахь монголчууд шатрын тэмцээн зохион байгуулав

Солонгос дахь монголчууд шатрын тэмцээн зохион байгуулав

2014/11/27

Эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан Sky+ шатрын бүлгэм хамтран арваннэгдүгээр сарын 23-нд шатрын тэмцээн зохион байгууллаа.

Шатрын тэмцээнийг Элчин сайд Б.Ганболд нээж хэлсэн үгэндээ шатрын спорт эрчимтэй хөгжиж, идэр залуу шатарчид их мастерийн зэрэгт хүрч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсган тив дэлхийн аваргаар тодорч Монгол хүн оюуны их нөөцтэй гэдгийг баталж байна. ЭСЯ, Sky+ шатрын бүлгэм ч мөн иргэдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор  энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгааг тэмдэглээд тэмцээнд оролцогчдод ухаан төгс, хараа хурц, нүүдэл уран, хожил хурдан байхыг ерөөв.

Энэхүү тэмцээнд 2013 оны аварга Э.Нямдулам /эмэгтэй шатарчин/, Ж.Пүрэвдорж /эрэгтэй шатарчин/, 14 хүртэлх насанд шилдэг тоглогчоор шалгарсан Г.Чинсүлд нар оролцлоо.

Тэмцээнд 10-50 насны шатарчид оролцож швейцар системээр 5 өрөг тоглон аваргаа шалгарууллаа. Тэргүүн байрыг Д.Барсаа, дэд байрыг Л.Батаа, гуравдугаар байрыг Ж.Пүрэвдорж нар эзэлж ЭСЯ-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн тэмцээний үеэр шатрын бодлого, зохиомж бодолтын тэмцээн зохион байгуулж аваргаар 14 настай Г.Чинсүлд, хүүхдийн насанд шилдэг тоглогчоор 11 настай Б.Ханбүүвэй нар шалгарлаа.Шатрын тэмцээнд оролцсон эмэгтэй шатарчин Э.Нямдулам, 10 настай Вон бин нарт ЭСЯ-ны мөнгөн шагнал олгов.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш