Уулзалтын үеэр Элчин сайд В.Пүрэвдорж Швейцарийн Женев муж улстай худалдаа, эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, ирэх оны дундуур Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа Монгол, Швейцарийн бизнес форумд Женевийн бизнесийн төлөөллийг оролцуулах, мөн муж улсын хэмжээнд Монголын урлаг, соёлыг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналуудыг дэвшүүлэв. Түүнчлэн энэ онд Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид Женев кантонд айлчилж хотын тохижилт үйлчилгээний төлөвлөлт бодлого, мөн олон нийтийн санал асуулгыг зохион байгуулж буй арга туршлагатай тус тус танилцсаныг мэдээллээд, манай тал Женев кантоны захиргаа төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай, чанартай хүргэж буй арга туршлагаас нь суралцах, судлах сонирхолтой байгааг дурдав. Тэрээр мөн ноён Франсуа Лоншомп-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан болно. Женев кантоны Төрийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Франсуа Лоншомп Монгол Улсын эдийн засгийн хөгжил, уул уурхай, зам тээвэр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар сонирхож, соёл урлаг, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Элчин сайдын дэвшүүлсэн саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлэв.