logo
Танаж тартагт нь тулгахаар шийджээ

Танаж тартагт нь тулгахаар шийджээ

2014/11/27
Төр улс оршин тогтнохын тулд дархлаатай байх хэрэгтэй. Харин тэр дархлаа нь цаг үе бүхэнд өөр, өөрөөр тодорхойлогдож ирсэн. Дундад зуунд зэр зэвсэг, хожим нь шашин шүтлэг, харин өдгөө мэдээлэл, түүний аюулгүй байдлыг хангах нь төрийн дархлааны нэг хэсэг болоод байна.

Хэн сайн мэдээлэлтэй байна, тэр бүхнийг захирдаг, дарамталдаг, өөрийн хүссэнээ хийдэг болсон. Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй байя гэвэл мэдээллийг өөрийн болгох ёстой гэдгийг ч хүн бүхэн цаашилбал улс гүрэн бүхэн мэддэг үүний төлөө өрсөлддөг болсон. Тиймээс ч улс орон бүхэн өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй, түүнийхээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад анхаардаг болсон цаг үед бид амьдарч байна.

Гэтэл саяхан Монгол Улс өөрийн мэдээллийн хэрэгсэл буюу МҮОНРТ-ийн төсвийг танав. Танахдаа бүр тартагт нь тултал танав. Нэг ёсондоо төсвийг нь танаж, та нар хөгжим захиалсан хүний мэдээллийг нийтэд түгээж, мэдээллийг хэн нэгэн өөрийн үйл хэрэгт нийцүүлэн ашиглаж болно гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Заримдаа байж боломгүй тэнэглэл үйлддэг, шийдвэр гаргадаг төртэй, тэр нь амиа хорлох үйлдлээ санаатай буюу санамсаргүйгээр үйлдэж байгааг нь харахаар өр өвдөнө. Энэ бүхэн нь зүгээр л хэдхэн хүний амин хувиа хичээсэн үйлдлээс улбаатай гэхээр нөгөө монгол төрийн дархлаа хаана байна гэж асуухад хүрнэ.

ХАМТ ОЛНЫ ҮНЭЛЭМЖ БУЮУ АТААРХАЛ

  Төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Зундуйн Дорж гэж нэгэн сайхан эрхэм байх. Тэр яагаад ч юм бэ, МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатартай байсгээд үзэлцдэг. Үүний цаад шалтгааныг яагаад ч юм бэ олмоор санагдана. Учир нь М.Наранбаатар бол МҮОНРТ-ийн “хаан” биш бүр “бирд” нь гэгдэх боловч түүнийг энэ том байгууллагын хамт олон яагаад гурван удаа даргаараа сонгох болов гэдэг нь чамлахааргүй үнэлгээ юм.

МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар гурван удаа даргаар сонгогдон энэ гал тогоонд оюутан байхаасаа эхлээд 20 жил чанагдсан. Тэр таван Засгийн газартай ажиллаж найман жил тус газрын даргаар ажилласан. Тэр тусмаа төсвийг нь “хасч өгсөн” Ч.Хүрэлбаатар гишүүн түүнтэй тун ойр он удаан жил ажилласан. Дээрх таван Засгийн газрыг дамжин ажиллаж байхад нь Ч.Хүрэлбаатар ЗГХЭГ-ын даргаар гурван жил ажиллажээ. ЗГХЭГ-ын дарга л Засгийн газраа хамгаалуулах, гоё сайхан мэдээ гаргуулахын тулд МҮОНРТ-ийн даргатай “халз тулдаг”. Мэдээж МҮОНРТ-ийн дарга нам бус хүний хувьд зарчмаа баримталж таарна. Тиймдээ ч ам муруйх үе бишгүй байсан гэдэг. Энэ учиг шалтгаанаас үүдэн тэрбээр МҮОНТ-д хуваарилагдахаар төсөвлөсөн 7.2 тэрбум төгрөгийг өргөн нэвтрүүлгийн эрх авсан бусад телевизүүдэд хувааж өгөх тухай санал МАН-ын бүлгээс гарсан байдаг. Тэр тусмаа Ч.Хүрэлбаатар гишүүн бүр “чанга” дуугарсан.

НАДАД Л АШИГТАЙ БОЛ ТӨРГҮЙ АМЬДАРСАН Ч ЯАХАВ

МҮОНРТ-ийн төсвийг тануулах гэж улайрагсадын үйлдлээс надад ашигтай бол монгол төр оршин тогтнох эсэх нь хамаагүй гэсэн увайгүйтэл үнэртдэг. Мэдээлэл гэдэг төрийн нэг дархлаа гэдгийг дээрх эрхмүүд бүгд мэднэ, мэдээлэлд ойр байхын ач тусыг ч тэд чамгүй хүртэгсэд. Тиймээс МҮОНРТ хэмээх том айлыг нурааж, сульдааж, төрийн мэдээллийн хэрэгсэлтэй байх эрхийг хумьж, хоосон үлдэх орон зайд нь өөрсдийн ноёрхолыг тогтоохыг эрмэлзэгсэд. Төрийн мэдээллийн хэрэгсэлийн төсвийг танан байж илүүчилсэн мөнгө нь иргэдийн сайн сайхны төлөө зарцуулагдахгүй харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эрх мэдэлтэнүүд хувааж авахаар хуйвалдснаа өнгөрсөн лхагва гаригт “Монгол контентыг дэмжих таван тэрбум төгрөг”-ийн төсөв батлахадаа зарлав.  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл энэ журмыг баталж байгаа ч цаана нь TV-5 сувгаа төлөөлж УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл “Таван тэрбум төгрөг бага байна” гэж чамласан гэдэг. “TV-9”-ийн ард Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан, “Ийгл”-ийн христээс бусад контент болон “Боловсрол” сувгийн ард М.Зоригт, NTV-ийн ард Г.Батхүү гишүүн, “Эх орон” телевизийн ард Д.Бат-Эрдэнэ гишүүн гээд хардаад байвал бараг бүгд улстөрч эзэнтэй. Тэд мэтийн “акул”-ууд л дээрх долоон тэрбум төгрөгөөс хүртэнэ үү гэхээс “шинэ тутам, жижиг” гэсэн тодотголтой жараахайнуудад хүртээх нь юу л бол. Гэтэл сонин, мэдээллийн сайтууд гэж хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгслүүд яах болж байна. Тэд монгол контент хийхгүй байгаа юм уу гээд бас заргалдаж таарна.

Уг нь дээрх мөнгийг үнэхээр төр өөрийн мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд зарцуулж байгаа бол МҮОНТ-д хуваарилж хөндлөнгийн ажлын хэсгээр хянуулаад “хөгжмөө захиалчихаж” болмоор байгаа биз. Тэгэхээр өөр ашиг сонирхол байжээ. Юу гээч. МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатар өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад МҮОНТ-ийн захирлаар томилогдож ирсэн Д.Энхтуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байгаад МҮОНРТ-ийн дэд даргаар ирсэн Ё.Батбаяр, С.Эрдэнэ сайдын “шахалт”-аар ирсэн МҮОНР-ийн дарга Л.Цэрэн-Очир нарыг халахаар шийдсэнээ хэлжээ. Бүр “Зайлцгаа” гэж хөөсөн байгаа юм.

ӨШИРХӨГСӨД БУЮУ ГАНЦААРДСАН “ДАЙЧИН”

Эндээс МҮОНРТ-ийн дарга М.Наранбаатарын эсрэг “галлах” ээлжит гал эхэлсэн байна. Түүний оронд томилох хүмүүсийг ч Ч.Даваабаяр, Д.Энхтуяа, Ж.Соёл-Эрдэнэ нарын нэр дуулдаж эхлэв. Ирэх оны төсвийн тухай хуулийг батлахад МҮОНРТ-ийн нийт төсөв хасагдсан. Улсын хэмжээнд байдаг бүх байгууллагын нийт урсгал төсвөөс 118 тэрбум төгрөг хассан. Гэтэл зөвхөн МҮОНРТ гэдэг ганцхан байгууллагаас дөрвөн тэрбум төгрөгийг хасчихаж. Яагаад энэ байгууллагыг онцолж үзэв гэдэг сонин байгаа биз. Магадгүй дарга нь хэн бэ гэдгээс хамаатай шийдвэр биш биз гэсэн бодол эрхгүй төрүүлж байна. Тэгэхээр зарим улстөрчдийн “М.Наранбаатар МҮОНРТ-ийн даргаар ажиллаж байгаа цагт энэ байгууллагыг нар өөд харуулахгүй” гэсэн өс зангидагдаж үндэсний хэмжээний онцгой байгууллагын төсвөөр “шантааж” хийчихсэн юм биш үү. Тэр танагдсан дөрвөн тэрбум дээрээ нэг тэрбумыг нэмээд бусад телевизтэй найзлах юм гэнэ. Хаалтын гэрээнээс ч дор хувилбар биш гэж үү. Өнөөх хүүхэд, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн олон сайхан нэвтрүүлэг “Баяртай” болох нь. Үүрэг, функцийг нь олигархиудад “зарчихсан” гэсэн үг. Яагаад ингэх болов?

Эхлээд М.Наранбаатарыг “Энхбаярын хүн” гэдэг байсан ч түүнээс хойш дахиад хоёр удаа сонгогдчихож. Түүнийг лав “Ц.Элбэгдоржийн хүн болчихсон” гэхгүй байх. Тэгвэл тэр тийм мундаг “хорчин” уу. Ямар ч байсан энэ байгууллага түүнийг хүлээн зөвшөөрөөд сонгоод байх юм. Гэтэл одоо төсвөө тануулсан М.Наранбаатар хугацаагаа дуустал ажиллая гэвэл эхний ээлжинд өөрийнх нь эд, эс мэт болсон хамт олноосоо хүмүүсээ халж таарна. Эсвэл хууль зөрчиж МҮОНТ-ээр сурталчилгаа явуулахаас аргагүй болж байна. Дээр нь энэхүү онцгой объектын хамгаалалтыг татан буулгаж өөрсдөө хамгаалалтын албатай гэрээ байгуулж хамгаалуул гэсэн байдаг. Энэ бүхэн дотоодын цэргийн албыг татан буулгасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийсэн ажил. Ингээд хамгаалалт авахад асар их мөнгө зарцуулчихлаа гэдэг. Улсын энэ онцгой объектыг хамгаалахгүй, тэгээд яах байсан юм бол.

М.Наранбаатарыг өнөөдөр ч МҮОНРТ-ийн даргын суудлаас “үдэж” болно. Харин МҮОНТ-ийн үйл ажиллагаа санхүүгийн хямралаас болж доголдох ёстой юу. Эсвэл түүнийг хууль зөрчөөд хямралаа дав гэсэн “буланд шахах” бодлого уу. Нөгөөтэйгүүр төр долоон тэрбум төгрөгөөр телевизүүдийг гуйж контент бэлтгүүлэх нь хуулийн дагуу үйл ажиллагаа мөн үү гэдэг нь өнөөдөр асуудал үүсгээд байна. Энэ мэтчлэн “найрал хөгжмийн” цаана удирдаач нь тэрбум, тэрбумын зарцуулалтын ашиг хонжоо л харж байгаад харамсахгүй байх аргагүй.

Л.ЛХА-ОЧИР
Өдрийн сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш