logo
Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй

Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн хальтиргаа, гулгааг арилгах үүрэгтэй

2014/12/01
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс тус бүр дээр гаргалаа. Харин нийслэлийн хэмжээнд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас автозам дээр  хальтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж төлөвлөгөөний дагуу 716.6 тн бодис, 1137.7 тн давс, 160.3 тн элс дайргыг бэлтгэн нөөцлөөд байна.

Хэрэв аж ахуйн нэгжүүд ажлын байрнаасаа 50 метр хүртэлх цасаа цэвэрлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой байдаг. 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм. Харин энэхүү журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш