Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хөрөнгө оруулалтын сан байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон удаагийн хэлэлцээр хийсний дүнд JP Morgan банкнаас санал ирүүлж, уг саналын дагуу хөрөнгө оруулалтын сан байгуулах бололцоо бүрдсэн байна.
Үүнтэй холбогдуулан олон улс болон дотоодын санхүүгийн байгууллагатай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг хэрэгжүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хэмжээтэй санхүүгийн амлалт гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-д Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.
“Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэн байгуулах болон үйл ажиллагааг бодлогоор хангаж, чиглэл өгч ажиллахыг Сангийн яаманд зөвшөөрлөө.
2015 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны
тоо хэмжээг тогтоолоо
Ирэх онд тусгай зориулалтаар 15 аймгийн 40 агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд үндэслэн угалз 40, тэх 60, халиун буга 15, саарал чоно 20, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10 толгойг агнуулахаар тогтлоо. 2015 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр болж орон нутагт очих 2,1 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг байгаль хамгаалах, ан амьтан өсгөн үржүүлэх ажилд зарцуулах журамтай.
Улсын хэмжээнд 58 агнуурын бүс нутгийг 11 ААН, байгаль хамгаалах иргэдийн 2 холбоо, 10 нөхөрлөл, орон нутгийн 6 ТББ менежментийг нь хариуцан ажиллаж байгаа юм.
Сүүлийн үед зэрлэг ан амьтны тоо толгой өсч байгаа бөгөөд нийт 6000 гаруй аргаль угалз, 12 000 орчим янгир ямаа байна.
Ирэх жил олон улсын спортын 14 тэмцээнийг Монголд зохион байгуулна
Энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол Улсад олон улсын спортын 10 тэмцээн зохион байгуулж, эдгээрт нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулжээ.
Харин ирэхонд эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой.
Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн
11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн
12. “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
13. Монгол туургатан бөхийн барилдаан
14. Олон улсын Ахмадын спортын наадам
Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгалаа.
Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II хуралдаан болно
Монгол Улсын гуравдагч хөрш Франц улсад Засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгөх, хоёр орны харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлт,хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Засгийн газар хоорондын ажлын хэсэг 2013 онд байгуулагдсан юм. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнгөрсөн онд Парис хотноо болж, II хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон байна.
Товын дагуу 2014 оны 12 дугаар сарын 8-нд Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн II хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан хуралдаанд Монголын талын баримтлах удирдамжийг баталж, бэлтгэл ажлыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуягт хариуцууллаа.
Хуралдаанаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, соёлын салбарын харилцааны тодорхой асуудлуудаар санал солилцоно.
Ажлын хэсгийн II хуралдааныг Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Фэкл даргалахын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Үйлдвэр, хөдөө аж ахуй болон Уул уурхай, эрчим хүчний сайдуудтай уулзах хүсэлт гаргаад байна.
Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа
“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон жагсаалт, журам батлах тухай” Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын тогтоол батлахаар тогтлоо.
“Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болох “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”, байгаль орчны багц хуулийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан “Хог хаягдлын тухай хууль” болон “Авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах тухай” Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 оны 12/22 дугаар тогтоол, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 139/А/148 тоот хамтарсан тушаал зэрэг хууль, эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодчилсон жагсаалтад зарим өөрчлөлтийг оруулахаар боллоо. Тухайлбал мансууруулах бодис бүхий гурван зүйл ургамал, шөрмөсөн чулуу агуулсан бүтээгдэхүүн буюу асбест агуулсан тоормозны накладка, судалгаа шинжилгээний зориулалттайгаас бусад, 80% эсвэл түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт, судалгаа шинжилгээний зориулалттайгаас бусад ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт, химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодис, түүний хаягдал зэргийг хоригложээ. Мөн Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхгүй.
Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэй нэвтрүүлнэ
“Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын тогтоолоор батлахаар тогтлоо.
Ингэснээр Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад зөвхөн онцгой хорт бодис улсын хилээр лицензтэй нэвтрэхээр заасныг өөрчилж, “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-аар зөвшөөрөл авах шаардлагагүй бодисын жагсаалтад орсноос бусад химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлж байхаар болж байна.
Байгаль орчны багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглож, харин түүнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр экспортолж байхаар хуульчилсан. Иймд аюултай хог хаягдлыг Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтад оруулж, лицензтэйгээр улсын хилээр гаргаж байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байгалийн баялгийг зохистой ашиглах, хууль бус загас агнуурыг зогсоох зорилгоор загас агнуурын зориулалттай бүх төрлийн торны импортыг хяналттай болгох шаардлага байна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан 17 зүйл нэн ховор амьтад, Засгийн газрын 07 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтад, тэдгээрийн гаралтай түүхий эд, генетикийн мэдээлэл агуулсан эд эрхтэн, эс, цус, сийвэн зэргийг Улсын хилээр лицензтэйгээр нэвтрүүлэх барааны жагсаалтад оруулах шаардлагатай байна.
Хууль эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдаж буй бараа нэг бүрийг Гаалийн ерөнхий газартай хамтран уялдуулсан системийн кодод хамруулан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт-д оруулахаар тогтлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.