2002 онд Европын зарим орнууд “Евро ”гэсэн нэгдсэн мөнгөн тэмдэгт хэрэглэх болж, гурван жил өнгөрөхөд Евро мөнгөн тэмдэгт банк санхүүгийн байгууллагуудын албан ёсны мөнгөн тэмдэгт болсон билээ. Төд удалгүй евро бүсийн орнуудын 300 орчим сая хүн евро хэрэглэдэг болов. 12 орон евро бүсэд нэгдэж, Германы дойч марк, Францын Франк, Италийн Лир зэрэг үндэсний мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнээс гарсан юм. Харин Их Британи, Швед, Дани гэсэн гурван улс хуучин мөнгөн тэмдэгттэйгээ үлдэхээр шийдсэн. Улс орнууд нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болохоор зээлийн хүү багасна, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна гэж тооцож байсан. Тооцоолсон ёсоор зарим улсуудын зээлийн хүү буурч, эдийн засгийн тогтвортой байдал үүсч эхэлсэн. Эдийн засгийн тогтвортой байдлыг амлаж байсан учир жил ирэх тусам Евро бүсийн орнууд хүрээгээ тэлж, гишүүн улсуудын тоо нэмэгдсэн. Харин 10-аад жил өнгөрөхөд Европын орнуудад өрийн хямрал нүүрлэж, Грек, Ирланд, Итали, Испани зэрэг улсууд дараалан эдийн засаг нь хямарч Европын төв банкнаас зээл авч эхэлсэн. Гэвч Европчуудын зээлсэн мөнгөнд хязгаар байгаа учир цаашид Евро бүсийн орнууд яах вэ гэдэг асуудал гарч ирэв. Германы эдийн засаг л ганцаараа өсөлттэй байсан учир үндсэндээ Германы татвар төлөгчдийн мөнгөөр Евро бүсийн орнууд туйлж эхэлсэн. Герман улс ганцаараа арван хэдэн орныг тэтгээд авч яваад байх чадваргүй болсон. 10 жил өнгөрсний дараа Евро бүсийн орнууд өөр өөр, том жижиг, хүчтэй болон муу эдийн засагтай улсууд нэгдэж нэг мөнгөн тэмдэгт хэрэглэж болдоггүй юм байна гэдгийг ухаарч эхэлжээ. Хэдийгээр Герман болон Франц улсууд Евро бүсийг тараахгүй гэж чармайж байгаа боловч, зах зээлийн зарчмаар Евро бүс задрахад хүрээд байгаа юм. Одоогоос 10 жилийн дараа Евро бүст хэдэн улс орон байхыг цаг хугацаа л харуулна.
Shuum.mn
Shuum.mn