logo
МАН-ын бүлэг Тендерийн хуулийн төслийг дэмжихгүй

МАН-ын бүлэг Тендерийн хуулийн төслийг дэмжихгүй

2014/12/09

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжих шаардлагагүй гэж үзлээ. Ер нь шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа учраас бодлого, үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Шинэ танхимын бодлого, үйл ажиллагаанд өмнөх Засгийн газрын энэ мэтчилэн өргөн барьсан хуулийн төслүүд нийцэх эсэхийг эргэж харах ёстой гэж үзсэн байна. Харин Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг дэмжихээр санал нэгдэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Тендерийн хуулийн төслийг дэмжээгүйн учир шалтгааныг бүлгийн дарга С.Бямбацогт тайлбарлав.

Нэгдүгээрт, уг хуулийн төсөлд олон улсын тендер шалгаруулалтад баримталдаг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх гэсэн таван зарчим алдагдсан.

Хоёрдугаарт, улс төрийн албан хаагчид тендерийг өөрсдөө мэдэж шийдэхээр зохицуулалт хийсэн нь өмнөх хуулиар мэргэжлийн байгууллага байгуулж, эрх мэдэлтний оролцоог багасгах талаар баримтлах зарчмаас ухарсан.

Гуравдугаарт,  тус хуулийн төслөөр орон нутагт эрх шилжүүлэх асуудал ихээхэн хумигдахаар байна. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч нар "хурдавчилсан арга"-ыг ашиглах замаар бүхий л асуудлыг яаман дээр шийдэх нөхцөлтэй болсон.

Дөрөвдүгээрт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиар нээлттэй тендер хүлээн авах хугацаа 30 хоног байгаа бол шинэ хуулийн төслөөр 10-15 хоног байхаар тусгасан. Мөн тендерийн үнэлгээ, тендерийн хүчинтэй байх хугацааг 45 хоногоос 15 хоног болгож өөрчилсөн байна. Энэхүү өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдийн тендерт орж өрсөлдөх боломж хумигдах, тэгш, шударга байдлыг алдагдуулах муу үр дагавартай гэдэг үндэслэлээр дэмжих шаардлагагүй, Засгийн газарт буцаах ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

 Мөн лиценз, зөвшөөрлийн тоог цөөлөх, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, ард иргэдээ дэмжих, төрийн дарамтыг багасгах үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг дэмжив. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Монгол Улсаа хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлоготой болъё, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний хөгжлийн цогц бодлогоо бүх төвшинд биелүүлдэг болъё. Уулын оргилд яаж, хэзээ, хэн хүрэхээ тодорхой болгож уялдуулдаг болъё гэж бид ярьж хэлж байгаа. Энэ уялдаа алдагдсанаас хүн болгон харсан уулын оргил руугаа зүтгэдэг болж. Ингэхдээ ямар арга замаар яаж хүрэхээ мэддэггүйгээс замын дунд будилдаг явдал ялангуяа шинэчлэлийн Засгийн газрын үед бий болсон. МАН 27 дугаар их хурлаасаа хөгжлийн нэгдсэн бодлоготой болох шийдвэр гаргаж, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдэд уриалсан. Тиймээс МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаа" гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш