logo
З.Энхболд: Хямралыг Улсын Их Хурал боломж гэж харж байна

З.Энхболд: Хямралыг Улсын Их Хурал боломж гэж харж байна

2014/12/26

Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн, үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна

-Эдийн засгийн хүндрэлийн талаар олон янзын байр суурь, үзэл бодол байгаа. Зарим нь засаглалын хямрал, улс төржилт хоосон популизм гэж байна. Гэхдээ энэ бүхний дунд нэг ойлголцол бүрэлдэж байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр таны хэлсэн “Урсгалаараа яваад байж болохгүй. Хуучин хандлага солигдох ёстой” гэсэн энэ ойлголцол таны бодлоор хэр хүчтэй вэ?

-Би Монгол Улсыг айлтай зүйрлэж хэлдэг л дээ, гэхдээ өнгөрсөн долоо хоногт Чуулган дээр хэлээгүй санагдаж байна. Монгол Улсыг нэг айл гэж бодох юм бол хоёр янзын айл байна л даа. Нэг айл нь гэнэт цалин, орлого нь огцом нэмэгдээд, манай эдийн засаг, төсөв гээд тоон бүх үзүүлэлт арван жилийн өмнөхөөсөө арав дахин өсчихөөд байна. Тэгээд хэрэглэхгүй атлаа хоёр, гурван машин авч тавиад, үнэтэй ресторанд орж хооллох зэргээр маш их үргүй зардал гаргах болсон. Гэтэл нөгөө орлого нэг л өдөр алга болчихсон. Тэр өндөр орлого юуных байв гэхээр түүхий эдийн үнийн өсөлтийнх байсан. Бид бүтээмжээ сайжруулаад, iPhone, Microsoft шиг шинэ бүтээгдэхүүн бодож олоод, түүнийгээ зарж ашиг олоогүй. Ердөө л зэс, төмөр, нүүрс, алт, жоншны үнэ өссөн жилүүдэд эдийн засгийн өсөлт нь 17 хувь хүрч дэлхийд гайхагдаад байсан. Яг үнэндээ бид хөдөлмөрлөөгүй. “windfall” гэдэг шиг, зүгээр байж байхад гэнэт орлоготой болсон улс. Яг ийм. Тэр үедээ төсвийнхөө зарлагыг баахан тэлсэн. Орлогоосоо илүү тэлсэн байгаа юм. Орлого 10 дахин нэмэгдсэн байхад зарлага 12 дахин нэмэгдсэн байгаа юм. 2006-2007 оны үед пропицит төсөв баталж байсан байгаа юм. Пропицит гэдэг нь депицитийн эсрэг үг. Нэмэхтэй төсөв гэсэн ойлголт.

-Бусад жилүүдэд дандаа алдагдалтай?

-Бусад нь дандаа алдагдалтай. Гэхдээ зарлага бол жил бүр орлогоосоо давж өсч байсан байгаа юм. Тэгэхээр мөнгөөр туйлж байсан нөгөө айл орлого нь байхгүй болоод ирэхээр зарлагаа бууруулахаас өөр аргагүй болно. Хэрэгтэй, хэрэггүй эд зүйлс авахгүй, өндөр үнэтэй ресторанд хооллохоо больж байна. Хүссэн, хүсээгүй санхүүгийн сахилга баттай болж байгаа юм. Эсвэл сахилгатай болохгүйгээр цаашаа явах өөр арга бий. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, төмрийн үнэ өсөх цагт буцааж өгье гээд хөршөөсөө мөнгө зээлээд, зарлагаа танахгүй цаашаа явж болно. Гэхдээ энэ буруу зам. Бид одоо байгаагаасаа 10 дахин даруухан амьдарч болдог байсан. 2004 оноос өмнө буюу гэнэтийн өсөлт гарахаас өмнө. 68 хувийн татвар хүртэл тавьж байлаа. Тэр хандлага руугаа дөхье, бид болоод л байсан улс. Ийм тансаглал байгаагүй.

Бид эдийн засгаа хэтэрхий хурдан тэлсэн учраас одоо төсвөө нэг их наяд төгрөгөөр агшаах бололцоо байна гэж үзэж байгаа. Энэ нэг их наяд төгрөгийн таналтыг хаанаас хийх вэ гэдэг асуудал бий. Энэ ч болохгүй, тэр ч болохгүй, энэ арга хэмжээ хатуудана, тийм татаасыг ч хасаж болохгүй гээд байх юм бол ажил явахгүй л дээ.

Асуулт бол маш энгийн. Энэ төрөөс үзүүлэх үйлчилгээ мөн үү гэдэг энгийн асуултаас эхлэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хариулт олдоно. Улаанбуудай, арьс ширний салбарт төрөөс олгодог урамшуулал байна. Үүнийг насан туршид нь өгнө гэж төр амлаагүй. Улаанбуудайн зах зээл сайжирч, хэрэгцээгээ хангадаг болтол гэдэг нөхцөлтэйгөөр анх татаас өгч эхэлсэн. Одоо бол нөхцөл харьцангуй сайжирч, ерөнхийдөө хэрэгцээгээ хангаж эхэлж байна. Тэгэхээр энэ мэт төрийн дэмжлэг болгон үзүүлж байсан богино хугацааны зарим татаасуудаа бүгдийг нь эргэж харах хэрэгтэй.

-Энэ асуудалд эдийн засгийн хүндрэл тулгарч байгаа энэ үед анхаарах, төвлөрөх шаардлагатай гэж та харж байгаа юу. Эсвэл цааш үргэлжлэх ёстой юу?

-Энэ бол удаан хугацаанд үргэлжилж, ямар ч байсан Монгол Улс алдагдалгүй төсөв батлах боломжтой болох тэр цаг үе хүртэл үргэлжлэх ёстой.

-Төсөв танана, цомхотгол хийнэ, таналт хийнэ гэдэг шийдвэрийг олон нийт мэдээж таатайгаар хүлээж авахгүй. Тэгэхээр төвлөрлийн энэ цэгийг яаж тодорхойлсон бэ?

-Хүссэн, хүсээгүй үүнийг парламент хийхээс өөр аргагүй. Ойрын хугацаанд 2015 оны төсвийн тодотгол өргөн баригдана. Энэ байгууллага хэрэгтэй юу, үгүй юу гэдгээс ажлаа эхлэх хэрэгтэй. Шууд тодорхой хувиар цомхотгол хий гэдэг аргаас Ерөнхий сайд татгалзаж байна гэдгээ хэлсэн. Тэр бол механик аргаар, ухаан зарахгүй, хамгийн хялбараар шийдэж болох гарц байгаа юм. Тэгэхээр шууд 10.000 хүнийг ажлаас нь хална гэдэг гарцаас татгалзаад, “Энэ байгууллага хэрэгтэй юу, энэ байгууллагын үзүүлдэг үйлчилгээ төрийн үзүүлэх ёстой үйлчилгээ мөн үү, биш үү” гэдгээс асуудлаа эхэл гэж байгаа юм. Энэ олон үр ашигтай эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгж төрийн мэдэлд байх ямар хэрэгтэй юм. Чадах юм бол зах зээл дээр амьдар, үгүй бол зарагдах ёстой. Заавал төрөөс тамга хийгээд байх утгагүй. Энэ мэтээр цэвэр хувийн хэвшил хийх боломжтой ажил үйлчилгээ төрд дэндүү олон байна.

Хямралыг УИХ боломж гэж харж байгаа. Бодит байдалдаа буцаж очих боломж. Хэтэрхий хурдан тэлсэн үрэлгэн төсвөө танах боломж гэж харж байна. Хэрэв гэнэтийн орлого хэвээрээ байсан бол бид энэ байдал руу орохгүй, үрээд л яваад байх байлаа. Гэтэл орлого байхгүй болсноороо бидэнд нөхцөл байдлыг эргэж харах цаг болсныг сануулж байна. Мөн үүний зэрэгцээ мөнгө зээлээд үрэлгэн хэвээрээ цаашаа явах уу, хасалт таналт хийгээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх үү гэдэг шийдвэрээ гарга. Энэ хоёрын алийг сонгохоо нэн даруй шийд гэж байгаа юм. Хагас жилийн дараа биш, жилийн дараа биш.

-Дотоод асуудлыг ярилцахын өмнө нэг зүйлийг асууя. Эдийн засагт тулгамдсан хамгийн том бэрхшээл бол гадаадын хөрөнгө оруулалт. 2011 онд 4 тэрбум гарч байсан бол одоо 1 тэрбум хүрэхгүй байгаа нь огцом бууралт. Парламентын зүгээс, таны харж байгаагаар гаднын хөрөнгө оруулалтыг хамгийн богино хугацаанд үр өгөөжтэйгөөр татах аргыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Энэ Их Хурал байгуулагдсан цагаасаа эхлээд энэ асуудалд анхаарал хандуулж, зарим хүний хэлдгээр “муу нэртэй” хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ тэр хэрээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад хурдан өсчихгүй байна. Шалтгаан нь итгэлцэлийн асуудал.

Нөгөөтэйгүүр, гадаад эдийн засгийн байдал нөлөөлж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татаж байсан хамгийн том хөшүүрэг бол уул уурхай. Түүхий эдийн үнэ өндөр байхад уул уурхай хөрөнгө татна. Харин үнэ нь уначихаар хөрөнгө оруулагчдад эрхзүй, бизнесийн ямар ч сайн нөхцөл бүрдүүлж өгсөн хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Учир нь тэндээс ашиг олохгүй. Ашиг олохгүй зүйлд хэн хөрөнгө оруулах вэ. Гадаадын хөрөнгө оруулалтын огцом өсөлтийг АН засгийн эрхийг бариад эсвэл АН-ыг сонгуульд ялахын өмнөхөн гарсан хоёр хуультай холбож ярьдаг. Урт нэртэй хууль болон стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд. Аль, аль нь миний даргалж байгаа одоогийн УИХ-ын ажил биш. Түрүүчийн УИХ-ын үед гарсан асуудал. Тэр хуулиас болж, мэдээж сөрөг хандлага үүснэ. Гэхдээ асуудлын гол нь энэ биш.

Том нөлөө үзүүлсэн өөр зүйл бий. 4 тэрбум хүрээд байсан гаднын хөрөнгө оруулалтын талаас илүү хувь нь зөвхөн Оюутолгой байсан юм. Оюутолгой төслийн хүрээнд, тодорхой хугацаанд үйлдвэр барьсан. Хөрөнгө л оруулахын тулд биш тодорхой зорилготойгоор үйлдвэр байгуулсан. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаандаа дууссан. Бүтээн байгуулалт дуусахаар хөрөнгө оруулалт зогсох нь дамжиггүй. Жил болгон тэрбум, тэрбумаар орж ирж байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дууссан. Дуусахаар яах уу, нөгөө компани хөрөнгө оруулалтаа зогсооно. Үйлдвэрийн эхний үе шат баригдаж дууссан. Хоёрдугаар үе шат руу хөрөнгө хийх байсан уу гэвэл байсан. Үүн дээр гацаа үүссэн нь үнэн. Оюутолгойг дагаж ирдэг жижиг хөрөнгө оруулалтууд Оюутолгойг харзнан хойш суусан. Энэ бол үнэн.

Хамгийн бодит шалтгаан бол баригдах ёстой үйлдвэр дууссантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Манайх шиг жижиг эдийн засагт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа юм. Бид 40 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан бол 10 хувийн оролт, гаралт мэдэгдэхгүй. Гэтэл манай нийт эдийн засаг 10 тэрбум ам.доллар. Түүн дотор Оюутолгой гэдэг ганцхан том үйлдвэр орж ирээд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад, тэр нь дуусмагц тэг болчихож байна. Үлдсэн жижиг хөрөнгө оруулалтууд хоорондоо нийлээд ч тэр хэмжээг нөхөж чадахгүй.

Үүн дээр Засгийн газар, УИХ-ын алдаа нь Оюутолгойн араас залгаад явах ёстой тэрбум ам.долларын хэмжээтэй олон хөрөнгө оруулалтыг татах, зохион байгуулах нөхцлийг хангах ажил хийгээгүйд байгаа юм. Оюутолгойг харж баясаад, дагаж давхиад байсан болохоос биш, Оюутолгойн хөрөнгө оруулалт дуусах цэгтэйг тооцоогүй. Товлосон хугацаандаа энэ хөрөнгө оруулалт зогсохоор залгаад Таван толгой, хий, эсвэл төмөр замын ч юм уу төслийг хэрэгжүүлэхээр бэлтгээгүй байсандаа гол алдаа нь байгаа.

-Бусад том төслүүдийг орхигдуулсан байсан нь уу...?

-Тийм бодол байгаагүй. Үргэлж түүхий эдийн үнэ өндөр байх юм шиг, Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсохгүй юм шиг бодож явсан нь бидний алдаа.

-Нэгэнт нэр дурдагдаж байгаа учраас гаднын хөрөнгө оруулалтын хурал, чуулган, форум болгон дээр байнга яригддаг “Оюутолгой хэзээ урагшлах вэ” гэдэг асуултыг энд асуухгүй өнгөрч болохгүй нь. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй ч гэлээ гаднын хөрөнгө оруулагчид болон уг асуудлыг сонирхож байгаа талуудад цаг хугацааны баримжаа өгөх боломжтой юу?

-УИХ-ын зүгээс Оюутолгойн асуудал дээр тодорхой байр суурьтай байгаа. 2010 онд гэрээ байгуулахыг Засгийн газар зөвшөөрсөн. Ажил эхэлж, эхний шат дууссан. Хоёр дахь шатны ажил дээр Монголоос мөнгө гаргахгүйгээр, Монголын талыг мөнгө гаргахад зөвшөөрлийг нь авахгүйгээр 60 жилээр ажиллах ийм гэрээтэй улс. Бидэнд баялаг, тэдэнд технологи, хөрөнгө байсан. Ингэж л хамтарсан. Одоо ажлаа хий! Монгол Улсын зүгээс хүлээсэн үүргээ бүгдийг биелүүлсэн. Одоо гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Зүгээр л урагшаа хараад, ажлаа хий. Тэд мөнгөтэй, технологитой байсан. Зүгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл, үйлдвэр тасралтгүй ажиллах ёстой. Хоёр дахь шатанд хөрөнгө оруулалт хэрэгтэй бол өөрсдөө олж, оруулж, ажиллуулах үүрэгтэй. Түүнээс Монгол Улс ийм үүрэг хүлээгээгүй. Монгол Улс бол хөрөнгө оруулагч биш. Уурхай манай нутаг дээр байна. Бид хуулиа хүртэл өөрчилж байгаад хөрөнгө оруулагч талын хүсэлтээр олон зохицуулалт хийсэн. Одоо зүгээр л ажлаа хий.

-Монголын талаас хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан гэдэг буруу ойлголт байв уу?

-2012 онд Монголын талаас тийм хүсэлт явуулсан. Нөгөө тал зөвшөөрөөгүй учраас больсон. Одоо бол хөрөнгө оруулагч “Гэрээндээ өөрчлөлт оруулья” гэдэг хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, рояалти тооцох аргачлалыг өөрчилье гэж байгаа. Бүх компаниас нэг л аргачлалаар рояалти авдаг. Зөвхөн Оюутолгойд таарсан аргачлалыг бид зохиож болохгүй. Тэгвэл хууль зөрчинө.

Рояалти тооцдог манай аргачлалд асуудал байгаа бол ярилцья. Түүнээс татварын газар Оюутолгойгоос рояалти авах тусгай аргачлал, дүрэм зохиож болохгүй. Асуудал байгаа бол судалья. Түүнээс нэг компанид зориулсан татварын хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Татварын хууль бүх компанид адилхан үйлчилж байгаа учраас тэрийг бид өөрчлөх эрхгүй л дээ. Засгийн газар, УИХ-ын хувьд ажил хэвийн явж байгаа. Цаашид элдэв юм ярилгүй ажлаа л үргэлжлүүл гэж байгаа.

-Таван толгой, эсвэл нүүрс хийжүүлэх гэх зэрэг томоохон мега төслүүдийн хэтийг та хэр өөдрөгөөр харж байна вэ. Ганц гялайлгаж, гялтайлгаж байсан түүхий эдийн үнэ уначихсан энэ нөхцөлд таны санааг зовоохоор хэр олон зүйл харагдаж байна вэ?

-Түүхий эдийн үнээс хэт хамааралтай эдийн засаг бий болгосон буруугаа засах хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэ маргааш унавал, дахиад бид өртөнө.

Нэг тонн нь 50 ам.доллар руу орж байгаа 60 хувьтай төмрийн хүдэр, мөн хэмжээтэй нь 70 ам.доллар хүрч байгаа коксжих нүүрсээ бид түүхийгээр экспортолдог. Энэ хоёр төрлийн түүхий эдийг нийлүүлээд, зууханд шатаачихаар нэг тонн нь 500 орчим ам.доллар хүрэх хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох юм. Ширэм, /pig iron/ ч гэж нэрлэдэг. Дэлхийн зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний 500 ам.доллар гэдэг ханш харьцангуй тогтвортой байгаа хэрнээ үүний орц болох хоёр төрлийн түүхий эдийн үнэ огцом хэлбэлзэж байгаа юм. Бараг 170-180 ам.доллар байсан коксжих нүүрс 70 ам.доллар болчихоод байхад ширэмний үнэ 500 ам.доллар хэвээрээ байна. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлээд, зууханд хийж шатаагаад, тэрийгээ экспортолж байсан бол бид хямралд өртөхгүй. Хэдийгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн ч гэсэн. Цаашилбал, 1000 ам.доллар болон үүнээс дээш үнэтэй ган хийцүүд, лист, янз бүрийн цувимал, машины эд ангиудын үнэ нь тогтвортой л байгаа.

-Нэг талаас эдийн засгийн энэ хүндрэл үйлдвэржээгүйн сул тал гэж харж болох уу?

-Үйлдвэржээгүй учраас бид өртөж байгаа юм. Дахиад хэлье, түүхийгээр нь гаргадаг төмрийн хүдэр, коксжих нүүрсээ нийлүүлээд, зууханд шатаан ширэм болгочихдог байсан бол өнөөдрийн хямралд Монгол өртөхгүй. Үүнтэй адил жишээ салбар бүрт бий. Зэсээ бид зэс болгодог байсан бол хямралд өртөхгүй байх байлаа. Ширэм хийдэгсэн бол хямралд өртөхгүй байлаа, өөр ямар түүхий эд байна түүнийгээ бүтээгдэхүүн болгодог байсан бол ... Үйлдвэржээгүйнхээ горыг амсаж байна. Үйлдвэржилт гэж маш их ярьсан ч бодит байдал дээр юу ч хийгээгүй.

-Энэ байдал зөвхөн уул уурхай биш барилгын салбар болон бусдад нь ажиглагдаж байгаа юу?

-Төгрөгийн ханш хэцүү болж байна гэж ярьж байгаа. Ханш бол бодит эдийн засгийн тусгал болохоос Эдийн засгийн сайд Батбаяр зохиодоггүй юм. Ханшийг хүн зохиодоггүй, бидний оруулж байгаа, олж ирж байгаа болон гадагшаа зарж байгаа валютын урсгалын тэнцэл юм.

Гэхдээ валютын ханшийн өсөлт биднийг үйлдвэржилт рүү түлхэж байгаа. Ам.долларын үнэ өсөхөөр гаднаас бэлэн юм авахад өртөг өндөр болно. Тэгэхээр оруулж ирэх гээд байгаа зүйлээ энд үйлдвэрлэх нь ашигтай болоод байгаа юм.

Рублийн ханш төгрөгөөс илүү уналаа. Үүнтэй холбоотой Оросын ерөнхийлөгчийн яриа зурагтаар гарч байна билээ. “Бидэнд импортоос хамааралгүй амьдрах, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж гэж үүнийг харж байна. Түүнээс энэ бол гамшиг болж, улс орон сүйрэх гэж байгаа хэрэг биш. Бид зүгээр л хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байсан. Өөрсдөө хийж болох юмыг гаднаас авдаг байсан. Үүнийг ханш зогсоож өгч байна” гэж Путин онцолсон. Үүнтэй яг адил төгрөгийн ханшийн сулрал дотоодын үйлдвэр хөгжихөд тус болж байгаа юм. Бүх юмаа битгий гаднаас ав, чадах юмаа өөрдөө хий гэдэг шаардлага. Дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэж байгаа хэрэг. Ирэх жил гэхэд л цемент, арматур импортлох шаардлагагүй болж байгаа.

-Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон?

-Энэ бол барилгын салбарын өсөлт дотооддоо үлдэнэ гэсэн үг. Урьд бол энд барилгын салбар өсөхөд хамгийн ойрхон Хятадын үйлдвэрлэгчид хожоод өнгөрдөг байсан. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн Бэрэн металл, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр бий, дараагийн цементийн үйлдвэр говь руу байгаа. Ирэх жилээс энэ үйлдвэрүүдэд барилгын салбарын өсөлт шингэж, ажлын байр нэмэгдэн, нэмүү өртөгийн ашиг энэ үйлдвэрүүдэд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөх сан руу явна.

-Мөн валютын гадагшлах урсгалыг хумина?

-Валютын гадагшлах урсгал багасахаар ханшид эерэгээр нөлөөлнө.


-Ингээд ярихаар “Үйлдвэржилт гээд ярихаар үүнийг хийх урт, удаан хугацааны бодлого Монгол Улсад бий юү” гэдэг асуулт гарч ирж байна. Аль нэг нам, улс төрийн хүчин засгийн эрхэнд гарахаар аливаа бодлого, чиглэл тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд явчихдаг. Хойдох нь өмнөхөө үгүйсгээд ч юм уу?

-Сонгуулийн дөрөвхөн жилийн циклдээ тааруулж бодлогоо хэтэрхий, хамаагүй өөрчилснийхөө горыг бас амсаж байна. Үйлдвэржүүлэх бодлого 10, 20, 30 жилээр тогтвортой явахгүй бол 4, 4 жилийн циклээр хийх боломжгүй ажил. 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг барих хугацаа нь дөрвөн жил. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 10 ба түүнээс дээш жилээр яригдана. Тэгэхээр, нэг үйлдвэр байгуулж, тогтвортой ажиллуулан, үр ашгийг нь үзье гэвэл наад зах нь 15-20 жил болж таарна.

Орчин үеийн үйлдвэрлэл их өөрчлөгдөж байна. Юуны өмнө бид үндсэн хэрэгцээгээ хангах зүйлсээ үйлдвэрлэж таарна. Дараа нь бусад улс, дэлхийн зах зээл рүү юу нийлүүлэх вэ гэдэг асуудлыг тооцох болно. Давуу тал, харьцангуй давуу тал гээд янз бүрийн онол бий л дээ. Ядаж л бид түүхийгээр нь экспортлож байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс хоёроо нийлүүлээд шатаахад л тогтвортой, олон мянган ажлын байр бий болно. Сайншандын гангийн үйлдвэрийн талаар ярьсаар дөрвөн жил болж байх шиг байна. 10 сая тоннын гангийн үйлдвэр гэдэг 10 тэрбум ам.долларын экспортын орлого. Оюутолгой өнөөдрийн байдлаар 2 тэрбум ам.долларын экспорт хийж байгаа гэхээр энэ бол таван Оюутолгой гэсэн үг.

Гэтэл таван Оюутолгойтой тэнцэх Сайншандын гангийн үйлдвэртээ сүүлийн Засгийн газар анхаарал хандуулаагүй л явж. Хямрал болонгуут юунд анхаарал хандуулалгүй орхигдуулснаа гэнэт ойлгож байгаа байхгүй юу. Хямрал болоогүй бол эдийн засгийнхаа согогтой талыг олж харахгүй, үүнийг ойлгохгүй, зүгээр л “Business as usual” гэдэг зарчмаар юу ч өөрчлөгдөхгүй яваад л байна. Түүхий эдийн үнэ унаснаар манай эдийн засгийн энэ бүтцийн гажгийг маш тод харуулсан хэрэг.

-Тэгэхээр 2015 онд хамгийн хүнд шийдвэрүүд бидний өмнө хүлээж байгаа, тэр нь Засгийн газар болон УИХ-ын хувьд хүнд цаг үе байх нь гэж ойлгож болох уу?

-Хамгийн хүнд шийдвэрийг хоёр хоногийн дараа өргөн барих гэж байна. Төсвийн тодотгол. Тэндээс улс төрчдийн хүсдэггүй шийдвэрүүд гарч эхэлнэ. Тэрийг гаргахгүй бол бүр хэцүү байдал хүлээж байгаа. Яаж хохирол багатай даван туулах вэ гэдэг асуудлыг бид хэлэлцэх гэж байна.

-Та хямралын үеийн парламентыг удирдаж байна. Нөгөө талаас сонгуульд оролцох улс төрийн хүчний дарга. Тиймээс сонгуулийн өмнөхөн чухал шийдвэрүүд гаргах нь байна. Тэгэхээр олон нийтэд таалагдах ч үр дүнтэй биш шийдвэр гаргах, эсвэл олон нийтэд таалагдахгүй ч гэлээ улс орны хувьд хэрэгтэй байх шийдвэрүүдийг гаргах гэдэг сонголт гарч ирнэ. Сонирхоод асуухад та энэ балансыг нь хэрхэн барих вэ?

-Саяхан УИХ дээр Ч.Сайханбилэг сайдын Засгийн газрыг байгуулахдаа байгуулсан гэрээ, тохиролцсон зүйлийн гол нь “УИХ-д суудалтай бүх нам нэг жил хагасын дараа болох сонгуулиа умартаад, эдийн засагт анхаарлаа хандуулья. Сонгуулиа бодоод байвал эдийн засгийг бүр унагах нь байна. Тиймээс сонгуулийг мартая. Харин эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх Засгийн газрыг хамтарч байгуулья. УИХ-д суудалтай намууд нь өөрсдөө сонгуульдаа бэлтгэцгээе. Харин энэ Засгийн газар улстөр бодолгүй, эдийн засгийн хямралаас улс орноо хохирол багатайхан гаргаад өг” гэдэг асуудал байна.

Ер нь хохирол амсах нь тодорхой. Манай эдийн засаг өрөөсгөл бүтэцтэй байсан. 70-80 жилээр нь ярихаа больё, сүүлийн 20 жил энэ өрөөсгөл бүтцээ өөрчилж чадаагүй нь бидний алдаа. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин том үйлдвэр барьсан ч гэсэн гажиг нь хэвээрээ л байгаад байна. Өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй гажиг байсаар байна. Валютын ханш импортыг өөгшүүлсэн. Энд юм үйлдвэрлэснээс гаднаас зөөгөөд ирэх нь илүү хялбархан байсан. Одоо харахад том гэгдэж байгаа бүх бизнес импортлогчид байна. Монголын хамгийн том нефтийн компани гэхэд л нефть импортлогч л байна. Машин гэхэд л бүгд импорт. Тэгэхээр бид өөрсдийн хийж чадах юмыг, дэлхий нийтэд өрсөлдөж чадах зүйлээ хийлгүй удсан, цаг алдсаны төлбөрөө өнөөдөр төлж байна. Хямралыг далимдуулаад, бушуухан аж үйлдвэржих бодлогоо хэрэгжүүлье. Ядаж амьдрах сууцаа барихдаа хэрэглэдэг материалуудаа импортоор авахаа больё. Иймэрхүү байдлаар дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажил явуулах гэсэн хүмүүсийг урамшуулж байгаа энэ нэг хөдөлгөөн байна. Хүссэндээ биш, буланд шахагдаад зайлшгүй хийж байгаа энэ хөдөлгөөнөө улам эрчимжүүлэх хэрэгтэй. Тиймээс аж үйлдвэрийн яамыг байгуулсан.

УИХ-ын бодлого буруудаад, өмнө нь Монголд яагаад үйлдвэрлэл явуулахад утгагүй байсныг “Номин”-гийн автобусны жишээгээр тайлбарлаж болно. УИХ том автобусны татварыг тэглэсэн. Гэтэл “Номин” автобус угсраад байдаг. Түүний эд анги манай гаалиар татвартай орж ирдэг. Тэгэхээр татвартай орж ирсэн эд ангиар үйлдвэрлэсэн автобус, татваргүй орж ирж байгаа бэлэн автобустай өрсөлдөж чадахгүй дээ. УИХ-ын гаргасан буруу шийдвэрүүд энэ. Уг нь эсрэгээрээ, бэлэн автобус татвартай, автобусыг үйлдвэрлэдэг эд ангиуд татваргүй байх юм бол “Номин”-д ажилладаг 100-200 хүн цалинтай болж байгаа юм. Ялгаагүй автобус гэдэг чинь явдаг амбаар. Бид амбаар барьж чадна. Бэлэн дугуй, мотор авчраад хийчихэж байна. Троллейбус болгохоор бол цахилгаан хөдөлгүүр тавьчихна. Гэтэл тэрийг эрэгдэж, шургадаад, нэгтгэж, угсарч байгаа хүний цалин Монголд үлдэх нь чухал байгаа юм. Товчхондоо, бид бэлэн юм импортлохыг дэмжсэн бодлогыг олон жилийн турш явуулж ирсэн байна. Автобусны татвар тэглэх үед “Номин”-гийн үйлдвэр байгаагүй. Гэхдээ тэр үйлдвэрийг бий болсны дараа УИХ татвараа өөрчлөх ёстой шүү дээ. Тэр ажлаа хийхгүй, бүтэн жил алдсан.

Энэ мэт санаагаа шинэ Аж үйлдвэрийн сайдад хэлээд, Монголд автобусны үйлдвэр байгуулагдмагц татварынхаа хуулийг Засгийн газар дээр өөрөө мэдэн өөрчилдөг эрхийг өгсөн. Зарим төрлийн татварын эрхийг Засгийн газарт өгсөн байгаа. Түүнтэй адил ийм уян хатан хууль тогтоомжтой бол УИХ-ын татварын талаарх хууль, тогтоолыг хүлээлгүй, хурдан шийдвэр гаргаж өөрчилдөг байх нь зөв. Автобусны үйлдвэртэй болсон учраас сэлбэг хэрэгсэл татваргүй, харин бэлэн автобусны татварыг нэмнэ гэх маягаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь чухал байгаа юм. Үйлдвэрлэлийг жижиг гэлтгүй дэмжих нь чухал.

Одоо Баруун-Хараад ургамлын тосны үйлдвэр ажиллаж байна. Тэдний бүтээгдэхүүн 20 сая ам.долларын импортыг орлож байна. Монголд тарьсан рапсыг шахаад, ургамлын тос хийн, тэрийгээ Дарханд цэвэршүүлнэ. 20 сая ам.доллар бол улсын төсвийн хэмжээтэй харьцуулахад бага мөнгө. Гэхдээ нэг компани 20 саяыг хэмнээд байвал ирээдүй харагдаж байгаа юм. Энэ үйлдвэрлэл явуулах түүхий эд өмнө нь манайд байсан уу гэвэл байсан. Урьд нь рапсаа экспортолчихдог. Хятадад аваачаад тос болгохоор нь эргүүлээд худалдаж авдаг байсан. Харин энэ бүх процесс одоо Дархан, Баруун-Хараад хийгдэж байна. Тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн “Монгол Алтан тос” нэртэйгээр дэлгүүрүүдэд хүрч, эх орондоо 20 сая ам.доллар үлдээж байна. Автобус, ургамлын тосны үйлдвэрийн жишээг харахаар валютын ханшийн өсөлт үйлдвэржилтийг дэмжээд, энэхүү үйлдвэрлэл эрхлэгчдийг урамшуулж байгаа юм.

-Монголд үйлдвэрлэхээр илүү зардал багатай хямд болоод л тэр ...?

-Импортын бараа бүтээгдэхүүн өрсөлдөж чадахаа болиод эхэлж байгаа хэрэг. Ам.доллароор гаднаас оруулж ирэх нь үнэтэй болж, эндээ үйлдвэрлэх нь илүү хямд болсон учраас тэр. Гол нь тэр үйлдвэрт монгол хүн ажиллана, тэр бүх нэмүү өртөг Монголд үлдэж байна.

Эдийн засаг гэдэг тоо томшгүй жижиг эд анги, эрэг боолтноос бүрдэнэ. Тэр эрэг боолт нь зөв ажиллахыг л УИХ, Засгийн газар гааль, татварын бодлого болон хуулиараа урамшуулж дэмжих боломжтой. Ингэвэл үйлдвэржилт хөгжинө, хүмүүс нь ажилтай, валютын ханш айхтар савлаад байдаггүй болох боломж бий.

Валютын ханш тэд байвал сайн гэдэг буруу ойлголт. Бид ямар эдийн засагтай байгаагийн тусгал нь ханш болохоос биш хэд байхыг нь хэн нэг нь мэдээд, шийдээд байгаа хэрэг биш.

-2015 оны төгсгөлөөр энэ бүх гадаад хүчин зүйл, дотоод өөрчлөлтүүдийг аваад үзвэл боломж гэдэг талаасаа хэр өөдрөг харагдаж байна вэ?

-Мэдээж боломж харагдаж байна. Тийшээ хөдлөх зориг байна уу гэдэг л асуудал. Бид гадаад орчныг сайжирна гэж тооцохгүй байгаа. Сайжирвал сайн. Хамгийн чухал нь дэд бүтэц буюу нарийн төмөр замын төсөл хийгдээд, нүүрсний өртөг буураад, тэр ажлууд оны дундуур дуусаад шууд вагон яваад эхэлнэ. Цахилгаан станцуудын өргөтгөл дуусч байна. Шинэ цахилгаан станцууд баригдана. Нефть боловсруулах үйлдвэр яригдаж байна. Энэ бүхэн өөрөө жижиг жижиг горхиуд нийлсээр, том гол мөрөн болдог шиг эерэг тал руугаа л өөрчлөлт хийгдэж буйн илрэл юм. Тэгэхдээ энэ бол нэг өдөр хийгдэхгүй. Техникийн хугацаатай, тодорхой үе шаттай. Цаашдаа гадаад нөхцөл яаж ч өөрчлөгдсөн бид амьдарч чаддаг байхын тулд энэ бүтцээ сууриар нь өөрчлөхөө хийнэ гэсэн үг. 2015 онд нэг их айхтар эерэг өөрчлөлт гараад, сайхан болчихно гэж хүлээх хэрэггүй. Яаж амортизатортай юм шиг уналтаа зөөллөх вэ гэдгийг л хийнэ. Жижиг өөрчлөлтүүд хуримтлагдсаар, эерэг өөрчлөлт, өсөлт рүү очино. Тэр нь хэзээ вэ гэдэг асуудал байгаа юм.

-Олон чухал асуудлаар ярилцлаа. Цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ирэх жилд таны ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: Bloomberg Mongolia


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш