logo
Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

Шилэн дансны цахим хуудас ашиглалтад бэлэн болжээ

2014/12/31
Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байршина. Нэгдсэн цахим хуудсанд дараах боломжуудыг бүрдүүлсэн байна.

- Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.

- Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.

- Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.

- Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой.

Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзэж байна. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгааг С.Баярцогт сайд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.   Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш