Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2015.01.13/ боллоо. Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр нийт монголчууддаа Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ард түмнийхээ хүсэл зориг, сонголтыг баталгаажуулсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан УБХ-ын гишүүд, АИХ-ын депутатуудад УИХ-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.
Бөхийн барилдааны нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын анхны эзнээр өнөөдөр тодорсон Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АИХ-ын депутатуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын улс, аймгийн цолтой хүчит 224 бөх зодоглолоо.
Тэмцээний үеэр Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн шатарчдад шагнал гардуулах ёслол болж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар шагналыг гардууллаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дээрх тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатарын холбоонд дурсгалын зураг гардуулсан юм.
Энэ удаагийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар шалгарч үлдсэнээс Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн улсын заан Д.Рагчаа энэ удаад долоогийн даваанд улсын заан Д.Баасандоржид өвдөг шороодсон.
1992 оноос Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.