logo
Зам, дэд бүтцийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангана

Зам, дэд бүтцийн чиглэлээр ажилладаг байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангана

2015/01/14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэл хотод 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд,  логистик үйлчилгээнүүдийг уялдуулан,  шуурхай зохион байгуулж, бэлтгэл хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.

Тус ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нар, Авто замын газар, Тээврийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Мэдээллийн технологийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан түгээх сүлжээ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Орон сууц, нийтийн аж ахуйн  удирдах газар, Ус суваг удирдах газрууд ажиллана.

Ажлын хэсэг нь энэ онд дэд бүтэц, шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангана. Өмнөх жилүүдэд автозам шинээр тавьсны дараа дулааны шугам засварлах, барилга барих зэргээр эргэж сүйтгэх тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг шуурхай ажиллах үүрэг хүлээн байна.  Тус ажлын хэсэг нь долоо хоногт хоёр удаа шуурхай хуралдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш