"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны дөрөв дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Номын сангийн тухай хуулийг нийтэллээ.
Үүгээр номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг хэрхэн үүсгэн байгуулах, татан буулгах, номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх, үүрэг ямар байх зэргийг хуульчилж өгсөн байна.
Энэ хуулиар бас Үндэсний номын сангийн үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд Монгол Улсын Үндэсний номын сан нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна гэж тодорхойлжээ.
Үүнээс гадна номын сан нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болон бусад төрөлтэй байх, номын сангийн үйлчилгээ нь үндсэн ба нэмэлт үйлчилгээнээс бүрдэх ажээ. Мөн номын сан нь уншигчид уншлагын танхимын, гэрээр ном олгох, зөөврийн номын сангийн, цахим уншлагын, номзүйн, тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн зэрэг үйлчилгээ үзүүлэхээр байна.
Хуулиар номын сангийн уншигчийн эрх, үүргийг хуульчилж өгчээ. Номын сангийн сан хөмрөг нь хэвлэн нийтлэлийн мэдээг бүрэн агуулсан хэвлэмэл болон хэвлэмэл бус хэвлэлийн бүтээгдэхүүнээс бүрдэж түүнийг хэрхэн бүрдүүлэх , номын сангийн заавал авах хувь нь хэд байх, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх ажлыг хэрхэн хийхийг хуульчилсан байна.
Хуулийн тодорхой нэг бүлгийг номын сангийн санхүүжилт, дэмжлэгт зориулжээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.
Түүнчлэн энэ дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.