logo
“Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

“Хөршийн хамгаалалт” журам боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

2015/02/10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/112 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан "хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ” заалтыг хэрэгжүүлэхээр  "Хөршийн хамгаалалт" журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар хариуцсан чиг үүргийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, дэд даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар нар ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Хууль Сахиулахын Их Сургуулийн холбогдох албаныхан оржээ.

Нийслэлийн Засаг дарга "Хөршийн хамгаалалт" хөтөлбөр, төлөвлөгөөг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг ажлын хэсэгт өглөө.  “Хөршийн хамгаалалт" хөтөлбөр боловсруулахад шаардлагатай  27 342 000  төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш