logo
Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2015/02/10
Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
 
Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Хэрэв та өвчилсөн шалтгаанаа хүнснээс болсон гэж үзвэл дараахь арга хэмжээг аваарай

Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

Эрүүл мэндийн газарт хандах: Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараахь зөвлөмжийг хүргэж байна.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, өргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх
Худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх нь
  • Худалдаа, үйлчилгээ явуулах мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлгэх
  • Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй, чанар аюулгүй байдалд өөрчлөлт ороогүй /гадны хольцгүй, тунадас үүсээгүй, амт, үнэр өнгө өөрчлөлт өгөөгүй, хий үүсээгүй/ бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлж, хөргөх төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулгаар хангагдсан байх
  • Гар угаах нөхцөлийг бүрдүүлэх, гар халдваргүйтгэх санитол, нойтон сальфеткаар хангагдсан байх
  • Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, хоолны үлдэгдэл, хог хаягдлыг тухай бүрд нь зайлуулах, таглаатай зориулалтын хогийн савыг хэрэглэх
  • Шинээр бэлтгэсэн хоолыг гурваас дээшгүй цаг байлгаж үйлчлүүлэгчдэд борлуулах
  • Бэлэн болсон хоол, зууш хүнсний бүтээгдэхүүнээс дээж авах хөргөгчийг бэлэн байлгаж, дээжийг +6+8 хэмд хадгалж, 48 цагийн дараа устгаж тэмдэглэл хөтлөх
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш