logo
УИХ-ын дарга Ховд аймгийн Зэрэг суманд ажиллалаа

УИХ-ын дарга Ховд аймгийн Зэрэг суманд ажиллалаа

2011/09/27
Ховд аймагт есдүгээр сарын 23-27 ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав. Ховд аймгийн Зэрэг сум 3100 гаруй иргэдтэй, 1920-1940 он хүртэл ‘’Зэрэг-Алтан тээл’’ гэж нэрлэгдэж байгаад, 1940 оноос Зэрэг сум нэртэй болжээ. Энэ жил Зэрэг сум 185 мянган толгой мал тоолуулжээ.
УИХ-ын дарга Зэрэг суманд ажиллах үеэрээ тус сумын эмнэлэг, арван жилийн сургуулийн үйл ажиллаагаатай танилцан, Зэрэг сумын соёлын төвд иргэдтэй уулзалт хийлээ.
Зэрэг сумын хувьд энэ жил эмнэлэгийн өргөтгөлийн барилгын ажлаа хийж байгаа бөгөөд шинэ эмнэлэг 15-20 ортой, орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг байх юм. 2001 онд одоо ашиглаж байгаа эмнэлэгийн барилга ашиглалтанд орсон бөгөөд өргөтгөлийн эмнэлэг баригдсанаар тус сумын эмнэлэг сум дундын эмнэлэг болон өргөжинө. Нэг жилдээ 500-600 өвчтөнийг хүлээн авдаг Зэрэг сумын эмнэлэгийн өргөтгөлийг барихад төсвөөс 558 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж байна.
Харин тус сумын арван жилийн дунд сургууль 700 гаруй сурагчидтай, сургуулийн барилга 1956 онд ашиглалтанд оржээ. Хөдөө алслагдсан сумдаас ирэх сурагчдыг дотуур байраар ханган 2010 онд шинэ байрыг ашиглалтанд оруулсан. Зэрэг сумын сургуулийн захирал Б.Ундрах хэлэхдээ, сургуулийн үйл ажиллагаанд учирсан хүндрэл бэрхшээл байхгүй. Дотоодын нөөц бололцоог ашиглан ажиллаж байна. Харин тус сумын арван жилийн сургуульд ‘’Багшийн хөгжлийн төв’’ байгуулах шаардлага байгаа тул энэ асуудлыг анхаарч шийдвэрлэж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Зэрэг сумын эмнэлэг, өргөтгөлийн барилгын ажлын явц болон сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сумын соёлын төвд сумын иргэдтэй уулзалт хийв.
УИХ-ын даргад хандан Зэрэг сумын иргэд, олон хүүхэд төрүүлсэн эхэд олгох мөнгөн урамшуулал, алдарт эхийн одонгийн талаар, цалингийн зээл, хөшөөтийн уурхайгаас нийлүүлэх нүүрсний үнэ, чанар болон алслагдсан бүсэд амьдарч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих төрийн бодлогын талаархи асуултуудыг тавьж байлаа.
УИХ-ын дарга иргэдийн сонирхсон асуултанд дараах хариултыг өгөв.
Цалингийн зээлийн хувьд,
Төрөөс бодлогоор иргэдийн цалингийн зээлийг хаагаад өгнө гэж худлаа амлаж чадахгүй. Харин иргэд ямар учраас цалингийн зээл авч байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр бид төрийн албан хаагчдын цалин тэдний амжиргаанд хүрэлцэхгүй байгаа бэрхшээл байгаа гэдгийг мэдэрч байна. Ийм учраас иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдын цалин нэмэхээр малчдын амжиргаа ч гэсэн дээшилнэ. Учир нь худалдан авах чадвартай иргэдийн тоо нэмэгдсэнээр мах, сүүний хэрэгцээ эрэлт зах зээлд бий болж, үүний хирээр малчдын малын мах, сүүний борлуулалтын эрэлт нэмэгдэнэ. Иймээс цалин нэмэх бодлого нь эргээд малчдыг дэмжих нэгэн хүчин зүйл болно.
Хөшөөтийн уурхайн хувьд,
Хөшөөтийн уурхайн талаар иргэдээс ихээхэн санал ирж байна. Хөшөөтийн уурхайнхан иргэдийг итгэлийг олж, тэдэнд үнэн зөв мэдээллийг хүргэх ёстой. Иргэдэд зөв үйлчилж, нэр хүндээ өсгөх зайлшгүй шаардлага Хөшөөтийн уурхайн өмнө байгаа юм байна гэж ойлголоо. Иймээс иргэдийн итгэлийг олж, чанартай нүүрсийг иргэдэд хүргэх тал дээр анхаарч үзэх шаардлагатай гэсэн үүргийг уурхайн ажилтнуудад өгч байна гэж УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Зэрэг суманд ажиллах үеэр, Хөшөөтийн уурхайгаас иргэдэд нийлүүлэх нэг тонн бүхэл нүүрсийг 11400 төгрөгөөр, харин нунтаг нүүрсийг нэг тонныг 6000 төгрөгөөр иргэдэд нийлүүлэхээр болсон болохыг Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа мэдэгдэв.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш